Цагтаа 5000 лам хувраг ном хурж байсан, Монгол орны зүүн хэсгийн гол том хийд Балданбарайвуныг 1777 онд 5-р богдын 7 цоржийн нэг Цэвээндорж номун хан байгуулсан агаад энэ онд улсын төсвийн 800 сая төгрөгийн хөрөнгөөр хийдийн гол цогчин дуганыг сэргээн завсарлаж, саяхан ашиглалтад оруулсан. Мөн Хэнтий аймгийн төв дэх Шадавдаржаалин хийд 10 жилийн ойгоо энэ зун тэмдэглэж, 108 суварга бүхий хэрмэн хашаа, гол дааман хаалга, Бурхан багшийн сэрэг дүрийг бүтээн босгож залсан зэрэг бүтээн байгуулалтын олон ажил өрнүүлсэн билээ. Намрын дунд сарын эхний өдрүүдэд Их эзэн Богд Чингис хааны алтан ураг Шолой Сэцэнханы санаачилгаар байгуулагдсан, “Сэцэнханы хүрээ-Гүндүгаварлин хийд”-ийн 350 жилийн ой, Бурхан багшийн 108 сувраганы нээлт, Өндөр гэгээн богд Зонхова, Дамдинсандүв бурхадын равнай, тахилгын их ёслол боллоо. Долоон бурхан одны тахилга, мянган ногоон дарь эх хурж эхэлсэн эхний өдрөөс хийд сүсэгтэн олныхоо хөлд дарагдсан. Сүсэгтэн олны хандиваар 100 суврага нь тус бүр нэг сая, найман том суврага нь тус бүр 10 сая төгрөгөөр бүтсэн суварга шүншиглэх ёслол, төрийн албан тушаалтнууд, хүндэт өглөгийн эзэд хийдийн шүтээн Жамсран сахиусанд мандал өргөх хийгээд шашин урлагийн цэнгүүн, бурхан болоочдод зориулсан мянган зул хөөргөх хүндэтгэл гээд олон арга хэмжээ ойн үеэр боллоо. Мөн хүчит бөхийн барилдаан болж Б.Хадбаатар, Э.Оюунболд нарын нутгийн бөхчүүд түрүү үзүүрт үлдэж соёолон насны хурдан морьдын уралдаанд Хэрлэн сумын Чинбатын шарга, дааганд Баянмөнх сумын Ганболдын хээр алаг түрүүлжээ. Хийдийн зүүн, баруун цацар хаалгыг Дорнод аймаг, Багануур хотод амьдарч буй нутгийн зөвлөлийнхөн, төв асар хаалгыг П.Эрдэнэхуяг тэргүүтэй “Хан Хэнтийн ирээдүй” ТББ тус тус даан авч бүтээж байна. Барилгын ажлын голыг “Хэнтий-Хангай” компанийнхан гүйцэтгэсэн бөгөөд одоо ч бүтээн байгуулалтын ажил үргэлжилсээр байна. Ойн арга хэмжээнд оролцсон хүндэт зочид төлөөлөгчид гэвэл нэрт хөгжмийн зохиолч Д.Лувсаншарав, ардын уран зохиолч Ш.Сүрэнжав, Гандантэгчилэн хийдийн даа лам Бямбажав, тус хийдийн олон нийттэй харилцах албаны дарга Даваапүрэв тэргүүтэй төлөөлөгчид, Өндөр гэгээн Занабазарын нэрэмжит Шашны их сургуулийн оюутнууд, Лувсанчой, Даваажав хамбатан тэргүүтэй Дорнод, Сүхбаатар аймгийн лам хуврагууд, ОХУ-ын Эрхүү хотын буддын төлөөлөгчид, МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ, Н.Ганбямба, ЦЕГ-ын дарга асан, хошууч генерал Амарболд, Нийслэлийн цагдаагийн газрын дарга Зоригт, Улаанбаатар хотод амьдардаг нутгийн зөвлөлийн гишүүд, иргэдийн төлөөлөл, Өндөрхаанчууд гээд олон мянган сүсэгтэн оролцож хөл гишгэх зайгүй шахам байв. Шашин урлагийн цэнгүүнийг ардын уран зохиолч, яруу найрагч Ш.Сүрэнжав хөтөлж хөгжөөсөн гээд тоочвол аймаг, бүсийн наадмаас дутуугүй өргөн болсон. Хийдийн ойг зохион байгуулах ажлын хэсгийн нарийн бичгийн дарга, Гандантэгчилэн хийдийн орон нутаг хариуцсан ажилтан, ламтан О.Цацралттөр ярихдаа, “Эзэн Чингис хааны алтан ураг халхын Махасамади Далай Сэцэн ханы санаачилсан, нэг үгээр хэлбэл алтан ургийн хийд гэж болох, нөгөө талаар 13 дугаар жарны төмөр хонин жил буюу 1751 онд Ренчин Тавхайдорж хэмээх эрдэмтэй хүн буддын гүн ухаан болох чойр дацан сургуулийг манай Сэцэнханы хүрээнд үүсгэн байгуулсан эртний түүхтэй” гэлээ. Нэг ёсондоо буддын гүн ухаан судлал энэ хийдээс эхэлжээ. Энэ тухай Рашааны лам хэмээн алдаршсан Нанзад аграмбын бичсэн түүхэн бичвэрт тодорхой тэмдэглэсэн бий. 1937 оныг хүртэл дэлгэр сайхан хуралтай, олон ламтай байжээ. Тэдгээр мэргэн лам нараас дурдвал, Халхын таван агуу гэж алдар нь дуурссан таван ламын хоёр нь уг хийдийнх байв. Энэ нь, олноо Тунгалаг цорж гэж алдаршсан Агваанбалдан, нөгөөх нь Бичээч цорж гэж алдаршсан Агваанбалдан нар байв. Сүүлчийн Сэцэн хан Навааннэрэн энэ хийдэд шавилж байсан, лам нэр нь Юндэнбазар гэдэг байв. Одоо буй түүхэн төлөөлөл нь гэвэл, 1931-1937 онд хүүхэд ахуйдаа шавилан сууж байсан өнөөгийн Монголын хөгжмийн нэрт зохиолч, төрийн хошой шагналт, ардын жүжигчин Д.Лувсаншарав гуай аж. Хийд орны хурал ном хаагдсан хэдий ч маршал Х.Чойбалсан, энэхүү нэн эртний түүхтэй Сэцэнханы хүрээг нурааж болохгүй гэж зааварласны дагуу 1955 он хүртэл барилга байгууламж нь хэвээр хадгалагдаж байгаад үүнээс хойш байшин барилга нь тоногдож хэдхэн туурь л үлдсэн. Ингээд 1990 оноос сүсэгтэн олон, лам нарын санаачилгаар хурал ном нь сэргэж Гүндүгаварлин буюу Хотлыг баясгагч, баяслыг бадруулагч хэмээх хийдэд 1991 оны тавдугаар сарын 31-нд Энэтхэгийн элчин сайд, Бакула Ренбүүчи лам морилж, үүнээс хойш тасралтгүй бурхан номын үйлээ үргэлжлүүлсээр байна. Сэцэнханы алтан туурайт хурдан буяныг цаашид залгамжлуулах, буяныг тогтоох, уяач, унаач хүүхдүүдийн амь нас, бат үйлс нь дэлгэр байхын тухайд адууны шүтээн Цогт Дамдинсандуй бурхныг нэг метр 20 см-ийн өндөртэй гуулиар цутгаж алтаар шарж бүтээсэн байна.
Хэнтий нутагт амьдарч байгаа хүн зоны эд идээ арвин байж өлсгөлөн гачлангүй байхын тухайд Өндөр гэгээн Занабазарыг, газар нутаг амар амгалан байж тайван жаргалтай, номын мэргэд төрөхийг билэгдэж богд Зонхова, хүн зоны оюун ухаан саруул сайхан байж мэргэдүүдийн орон байхыг билэгдэж Мазушири бурхныг мөн бүтээн залжээ.
Дараа жил буддын гүн ухаан чойр дацан үүсэн байгуулагдсаны 260 жилийн ой тохиох тул чойрын хар сахиус буюу Лхам бурхныг цутгуураар бүтээх аж. Сүсэгтнүүдээс түвд номын сан байгуулж өгөхөөр ч амлажээ.
Тэртээ 1937 онд хийд хаагдах үед их бага хоёр хувилгаантай байжээ. Их хувилгаан ламыг Ёнзон хамбын хэргээр барьж зоосны нүхээр сүвлэн амий нь хороосон гэдэг, харин бага хувилгаан ламын мэдээлэл бага байдаг ч дүр нь үлдсэн тул тэр дүрээр нь бурханчлан бүтээж сэнтийд нь залжээ. Мөн 1990 онд хийд сэргэж ахуйд анхны хамба ламаар сууж байсан Агаруу хэмээх Гомбожав, олноо Ловон лам хэмээх Лувсаннамжил нарын дүрийг бурханчлан бүтээсэн байна.
Цаашид хийдийн орчимд Лувсанжалбуу буюу Лусын эрхэт хааны дүр бүхий усан оргилуур, уяачдын, бөхчүүдийн, сурчдын, шагайчдын хүрд бүтээхээс гадна сагсан бөмбөгийн, элсний волейболын стандартын талбай байгуулж хүмүүс бурхан шүтээнд мөргөхийн хамт амрах, амирлах, ариусах, гэгээрэх орчныг бүрдүүлэхээр төлөвлөжээ.
Хэнтий аймгийн сурвалжлагч И.Байгалмаа