“Мажестик”-т номын хур буулаа

Хуучирсан мэдээ: 2010.09.23-нд нийтлэгдсэн

“Мажестик”-т номын хур буулаа

2010 оны хамгийн том номын үзэсгэлэн худалдаа Улсын их дэлгүүрт эхэллээ. Өнөөдрөөс эхлэн энэ сарын 25-ныг дуустал УИД-ын зургадугаар давхарт байрлах “Мажестик” ном, бичиг хэрэгслийн дэлгүүр “Номын соёлт ертөнц” ТББ, “Номин” холдингтой хамтран “Номын баяр 2010” үндэсний хэмжээний хамгийн том номын баярыг зохион байгуулж байна.

Зургаа дахь жилдээ болж байгаа энэхүү арга хэмжээ нь номын сайн нөхөд, номонд сонирхолтой, номын төлөө төрсөн олон хүмүүсийн хүсэн хүлээдэг наадам болоод байгаа билээ. Жилээс жилд өргөжин, цар хүрээгээ тэлж буй тус наадмыг энэ жил Монголын хамгийн том номын дэлгүүр болох “Мажестик”-тай хамтран зохион байгуулж буйгаараа онцлог бөгөөд энд ном хэвлэн борлуулагч 30 гаруй компани шилдэг бүтээлээрээ үзэсгэлэн гаргаж, мөн ховор номын дуудлага худалдаа зарлалаа.

Монголын утга зохиолын үе үеийгншилдэг яруу найрагчид “Сайхан Монгол орон” ТББ-ийн тэргүүн А.Шагдарсүрэн, Ардын уран зохиолч, соёлын гавъяат зүтгэлтэн П.Бадарч, Ардын зохиолч соёлын гавъяат зүтгэлтэн Ш.Сүрэнжав, Төрийн шагналт соёлын гавъяат зүтгэлтэн зохиолч Д.Нямаа, гавъяат багш Ш.Чоймаа, зохиолч Б.Шүүдэрцэцэг, төрийн шагналт зохиолч Д.Батбаяр, фолисофийн ухааны доктор орчуулагч Б.Батчулуун, “Алтан өд” шагналын эзэн зохиолч Х.Болор-Эрдэнэ, ном судлаач С.Цэрэндаш, орчуулагч, зохиолч Ж.Цэвээн, Төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч Зундуйн Дорж, БСШУ-ны яамны дэд сайд Ч.Куланда, “Эдмон” компанийн захирал Р.Энхбат, Хүүхдийн номын ордны захирал Д.Оюунбилэг, Д.Нацагдоржийн нэрэмжит хотын номын сангийн захирал Т.Мижиддорж нар “Номын баяр 2010” өдөрлөгийн нээлтэд ирж, улаан хивсээр алхсан юм. Нээлтийн ёслолын дараа яруу найрагч, зохиолчид  өөрсдийн уран бүтээлийн дээжсээс уншиж цугласан олны оюуныг мялаав.

Уг арга хэмжээ гурав хоногийн турш номын хямдралтай худалдаа зохион, энэхүү өдрүүдэд худалдан авалт хийсэн үйлчлүүлэгч бүр сугалаанд оролцон азаа үзэх боломжтой юм байна.

Номыг дээдлэгч хүн бүр УИД-ын “Мажестик” номын тасгийг зорин, энэ оны хамгийн том номын үзэсглэн худалдаанд ирэн, оюуны их  далайд аялах ховорхон боломжтой.

“Номын баяр 2010” үзэсгэлэн худалдааг зохион байгуулагчдын нэг “Номын соёлт ертөнц” ТББ-ын тэргүүн Ё.Баярцогттай уулзлаа.

-Энэ удаагийн ховор номын дуудлага худалдаанд ямар номнуудыг сонгосон бэ?
-Дээр үеийн ховор номнууд дундаа анхны үндсэн хуулийн гар бичээс, 1943 оны олон 1963 оны Үндсэн хуулиудыг сонголоо.

-Яагаад заавал үндсэн хуулиудыг сонгон оруулах болов?

-Үндсэн хуулийг ном дотроо хамгийн дээд нь гэж үздэг.

-Жил бүрийн “Номын баяр”-аас энэ жилийнх юугаараа онцлог вэ?

-Анх энэ үзэсглэнг зохион байгуулж байсан гол зорилго нь Монголд ямар нэгэн нийтийг хамарсан номын баярын үйл ажиллагаа тасарчихсан байсан. Хүмүүсийг номтой нөхөрлүүлэх,  зохиолчидтой холбох гэсэн үндсэн зорилготойгоос гадна жил жилдээ онцлог болж өнгөрдөг. Энэ жилийн онцлог нь “Номин холдинг” биднийг дэмжин илүү том талбайд, илүү олон хүнийг хамруулан зохион байгуулах боломж олголоо.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж