Банкуудын нуугдаж тоглох хоног дууслаа

Хуучирсан мэдээ: 2010.09.23-нд нийтлэгдсэн

Банкуудын нуугдаж тоглох хоног дууслаа

Монголбанкны өргөтгөсөн хуралдаан маргааш болно. Банкны тухай хууль зөрчсөн арилжааны банкуудад ямар хариуцлага тооцсоноо төв банкныхан энэ хурлын үеэр олон нийтэд тайлагнах учиртай. “Тэгнэ” ч гэж амласан. Хэрэв хэвлэлийнхэн “Банкуудад ямар арга хэмжээ авсан бэ” гэж байн байн шалаагүй бол яасан нь мэдэгдэхгүй тэгсхийгээд өнгөрөх магадлал өндөр байлаа. Монголбанкны Хяналт шалгалтын газраас арилжааны банкуудад нэгдсэн шалгалт хийж, зөндөө их “но” илрүүлсэн нь сайн хэрэг. Гэхдээ зөрчилтэй банкуудад ямар хариуцлага хүлээлгэхийг Банкны тухай хуульд тов тодорхой заачихсан байхад тэдний толгойг илж, яах гээд байгаа нь мэдэгдэхгүй шийрэгнээд байсан нь жаахан шог санагдсан. Бүр аль ч банкийг торгоогүй байж ажлынхаа тайланд “Зөрчилтэй банкуудад захиргааны арга хэмжээ авсан болно” гээд дурайтал биччихсэн байсныг бид өмнө нь мэдээлж байсан. Хуулиараа бол тайлан тэнцлийн мэдээ баримтаа цаг тухайд нь Монголбанкинд зохих журмын дагуу гаргаж өгөөгүй банк, банкны нэгдэлд оролцогчдыг 16 сая хүртэл төгрөгөөр торгох учиртай юм. Монголбанкнаас энэ сарын 2-нд банкуудын зөрчил болон дүрмийн санг албан ёсоор зарласан ч захиргааны арга хэмжээ аваагүй. Үүнийг нь банкуудын удирдлага овжноор ашиглаж, төв банктай нуугдаж тоглох болсон. Хангалттай хугацаа байсан болохоор зарим нь шалгалтын үеэр илэрч байсан алдаа дутагдлаа засч залруулж амжсан биз. Мөн зарим банкны хувьд ТУЗ болон гүйцэтгэх удирдлагын түвшинд маргаантай асуудал олон байгаа учраас юун Монголбанктай манатай таваргаж яваа гэдэг нь ч тодорхой. Жишээ нь, Тээвэр хөгжлийн банк л гэхэд давхар давхар цохилтод орсон. Тус банк нь Банкны тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.2.4, 38.2.6 дахь заалтыг биелүүлээгүй. Энэ нь нөлөө бүхий хувьцаа эзэмшигч, ТУЗ-ийн гишүүн, гүйцэтгэх удирдлага, түүний орлогч, ерөнхий нягтлан, банкны нэгжийн удирдлага, Хяналтын зөвлөлийн гишүүдийн нэр, банкны холбогдох этгээдэд олгосон зээл, гаргасан аккредитив, бусад үүрэг, ажил үйлчилгээ нь тодорхойгүй гэсэн үг юм. “Дайны хажуугаар дажин” гэгчээр гүйцэтгэх захирал асан С.В.Новожилов нь бусдын эд хөрөнгийг завшсан хэргээр шүүхэд дуудагдаж байгаад ор сураггүй оргон зайлсан. Ийнхүү банкны гүйцэтгэх захирлын алба хашиж байсан орос эр монголчуудын 400 гаруй сая төгрөгийн хадгаламжийг “хуссан” нь ёстой л чононд хонь хадгалуулахын үлгэрийг сануулаад авсан юм. Өдгөө тус банкны гүйцэтгэх захирлын үүргийг К.Зейшен гэгч гүйцэтгэж байгаа. Ямартай ч “Тээвэр хөгжлийн банк”-ныхан гэмтэй ч гэлбэлзэхгүй байхын хичээн төв банк руу зөв харж инээн буруу харж уйлан үйлээ үзэж сууна. Үүнээс гадна ХААН, “Кредит”, “Хас”, “Капитрон”, “ЭРЭЛ”, “Чингис хаан”, “Төрийн банк”, “Улаанбаатар хотын банк”, “Үндэсний хөрөнгө оруулалтын банк” тус бүр хоёр заалт зөрчсөн. Мөн “Хадгаламж” банк гурван заалт биелүүлээгүй. Харин “Капитал” банк л ганцаараа зөрчилгүй байсан юм. Монголбанкнаас анхааруулга өгөөд алгуурлаж байгаа энэ хугацаанд зарим банк хуулийн биелэлтийг хангах талаар нэлээд сүйхээтэй ажилласан байна билээ. Тухайлбал, нийт активын хэмжээгээрээ дээгүүрт ордог “Голомт”, Худалдаа хөгжлийн банк цахим хуудас дахь мэдээллээ шинэчилж, хөрөнгийн хэмжээ, удирдлагын талаарх мэдээллээ шинэчлээд амжсан.

Монголбанкны Хяналт шал­галтын газрын Зайнаас хяналт тавих хэлтсийн захирал Х.Дэлгэр “Энэ сарын 24-нд болох хурлаараа аль банкинд ямар хариуцлага тооцсоноо дэлгэрэнгүй мэдээлнэ” гэж амласан. Банкуудын нуугдаж тоглох өдөр ч дууслаа. Төв банкныхан “Арилжааны банкуудад сануулга өгсөн. Алдаагаа засах байлгүй дээ” гэсэн инээдтэй тайлбараа дахиад л хэлэх үү, хуулиа хэрэгжүүлэхийн төлөө тууштай ажилласан уу гэдгийг ч харах цаг ирлээ.

Ч.ДАШДЭЛЭГ

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж