Шатарчид хоёрдугаар тойрогт хожигджээ

Хуучирсан мэдээ: 2010.09.23-нд нийтлэгдсэн

Шатарчид хоёрдугаар тойрогт хожигджээ

ОХУ-ын Ханты-Мансийк хотноо үргэлжилж буй дэлхийн шатрын 39-р олимпиадын хоёрдугаар тойргийн тоглолтууд өчигдөр болж өнгөрлөө.

Манай баг тамирчдын тухайд өчигдрийн тоглолтод эрэгтэй, эмэгтэй хоёр баг хоёул ялагдал хүлээсэн байна. Чансаагаараа 66-рт бичигдээд буй Монголын эрэгтэй шатарчид өчигдөр чансаагаараа есдүгээрт эрэмбэлэгдсэн АНУ-ын багтай тоглож, нийлбэр дүнгээр 3,5:0,5 оноогоор ялагджээ. Манай шатарчдаас Ц.Батчулуун их мастер Юрий Шулмантай тоглож, тэнцсэн бол Б.Гүндаваа, Н.Баттулга, Г.Эрдэнэ нар өрсөлдөгчдөө ялагдсан байна.

Харин эмэгтэй шатарчид Шведийн багтай тоглосноос Б.Мөнгөнтуул Инна Агресттай хараар тоглож хожсон бол У.Лхамсүрэн, Б.Анхчимэг, С.Отгонжаргал нар хожигдсоноор ерөнхий дүнгээр 3:1 харьцаатай хожигдол хүлээжээ.

Өнөөдөр тэмцээний гуравдугаар өргийн тоглолтууд болох бөгөөд манай шатарчид аль улсын багтай тоглох нь хараахан тодорхойгүй байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж