УИХ-ын дарга Д.Дэмбэрэл энэ сарын 18-21-нийг хүртэл Ховд аймгийн Буянт, Дуут, Манхан, Жаргалант суманд ажилласан юм. Энэ хугацаанд Ховд-Манхан чиглэлийн 85.3 км хатуу хучилттай авто замын шав тавих ёслолд оролцлоо. Монгол Улсын Засгийн газар нь БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баруун босоо тэнхлэгийн хатуу хучилттай Ховд-Манхан чиглэлийн 85.3 км хатуу авто замыг барихаар төлөвлөсөн юм байна. Энэ дагуу ажил эхэлж буй нь энэ бөгөөд авто замыг 2012 онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
УИХ-ын дарга Д.Дэмбэрэл хэлэхдээ “Ховд-Манхан чиглэлд хатуу хучилттай зам тавих асуудал олон жил яригдсаны эцэст биеллээ оллоо. Баруун босоо тэнхлэгийн авто зам ашиглалтад орсноор орон нутгийн хөгжилд чухал ач холбогдолтой төдийгүй ард иргэдийн амьжиргаанд ч тодорхой хэмжээгээр эерэг нөлөө үзүүлэх юм. Ховд аймгийн хувьд Улаанбаатар хотоос хэт алслагдсан байдаг тул бараа таваар, бүтээгдэхүүний үнэ өндөр өртөгтэйгээр ирдэг. Зам харгуй тавигдаагүй нь ч үүнд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг. Тиймээс баруун босоо тэнхлэгийн авто зам тавигдах нь чухал байгаа юм” гэлээ.
Г.Дарь