Эрдэмтэн
зохиолч Я.Ганбаатарын “Хүүхэн шаньюй” түүхэн роман хэвлэгдэн гарлаа. Энэ бол
“Их нүүдэл” хэмээх гурамсан туурвилынх нь дэд дэвтэр агаад, тэргүүн дэвтэр
“Моодун шаньюй” роман нь 2007 онд уншигчдын гарт хүрсэн билээ. “Хүүхэн шаньюй”
түүхэн романд нүүдэлчин ард түмнүүдийн, ялангуяа Хүн гүрэн, хүннүчүүдийн бууран
доройтож, задран мөхсөн эмгэнэлт үнэн түүхийг өгүүлсэн байна. Энэ номд хэдэн
зуун жилийн хугацаанд болж өнгөрсөн түүхэн үйл явдлуудыг нэгтгэн базаж
оруулахдаа зэрэгцсэн дүр, харьцуулсан үйл явдлуудыг тусгасан нь уншихад
ойлгомжтой дөхөм, сонирхолтой болжээ.
Эрт дээр үед болж өнгөрсөн түүхэн үйл явдлуудаас өнөөдөр бид гашуун сургамж
авч, сэдэж сэтгэх нь чухаг. Тэгвэл энэ романд хүннүчүүд алт эрдэнэсээр арвин
дүүрэн, араатан амьтад шивээлж, адуу мал бэлчсэн, өвсний сахлаг, усны тунгалаг
Килэн уул, Яньжи уул хоёроо харьд алдсанаар амь амьдралын эх үндэс,
амьжиргаанаасаа салж, доройтон мөхөх болсон нэгэн учир шалтгаан болсныг өнөөдөр
бид эрдэнэс баялагтаа хэрхэн хандаж байгаатайгаа жишин үзэж болох юм. Эрдэмтэн
зохиолч Я.Ганбаатарын энэхүү гурамсан түүхэн туурвилын гутгаар дэвтэр нь
“Тэнгэрийн ташуур Атилла” нэртэй бөгөөд алс өрнө зүгт нүүдэллэн одсон хүннү нар
Европын цээжнээ хэрхэн дуулиантай аж төрөөд үгүй болсон баатарлаг болоод гунигт
түүхийг өгүүлэх юм.
Н.Наран