
Хангайн бүсийн залуучуудын хөгжил, хөдөлгөөн эрүүл мэндийг дэмжиж, адал явдалт явган аяллын спорт хөгжүүлэх зорилготой “SUMMER SUN” спорт аяллын тэмцээнийг Орхон аймгийн ЗДТГ, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, “Эрдэнэт” үйлдвэр, аймгийн Ардчилсан социалист залуучуудын холбоо хамтран зохион байгууллаа. Эрдэнэт-Хар гуя-Хустайн ам-Хандгайт-Сэлэнгэ амралт-Эрдэнэт маршрутаар явагдсан тус тэмцээнд Архангай, Өвөрхангай, Хөвсгөл, Сэлэнгэ, Орхон аймгийн баг, тамирчид хамрагдав. Аяллын явцад оролцогчид Булган аймгийн Ингэт сумын Ингэтийн даваа овоо орчмыг сэргээн засварлаж тохижуулах, цэвэрлэх бүтээлч ажил өрнүүллээ. Тодруулбал, Архангай аймгийн “Баянхангай” баг дурсгалын самбар босгож, Хөвсгөл аймгийн “Чингүнжав” баг бие засах газар сэргээн засварлаж, Орхон аймгийн “Од” баг ширээ, Сэлэнгэ аймгийн “Нар дагуулсан залуус” баг сандал, “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” баг хогийн сав байрлуулсан бол шүүгчид, зохион байгуулах багийнхан орчны хог цэвэрлэв. Спорт, урлагийн олон төрөлт тэмцээнээс гадна явган алхах, луужингаар зүг чиг тодорхойлох, хүнсний болон галын аюулгүй байдал хангах, хээрийн нөхцөлд эмх цэгцтэй отоглох, машин техник хэрэгслийн бүрэн байдлыг хангасан байх зэрэг шаардлагыг оролцогч багуудад тавьж, эдгээр үзүүлэлтийг харгалзан дүгнэлээ. Онооны нийлбэр дүнгээр “Эрдэнэт” үйлдвэрийн “Хангарьд” баг 1-р байранд, Орхон аймгийн АСЗХолбооны “Од” баг 2-р байранд, Хөвсгөл аймгийн “Чингүнжав” баг 3-р байранд шалгарлаа. Харин шилдэг тамирчнаар Сэлэнгэ аймгийн “Нар дагуулсан залуус” багийн н.Сувд-Эрдэнэ, шилдэг багийн ахлагчаар Өвөрхангай аймгийн н.Ууганбаяр шалгаран өргөмжлөл, мөнгөн шагналын эзэн боллоо. Тэргүүлсэн багуудын өргөмжлөл, медалийг 300-500 мянга, шилдэг тамирчдынхыг 60-80 мянган төгрөгийн мөнгөн шагнал дагалдсан юм. Тэмцээний хаалтын ажиллагаа “Найрамдал” талбайд болж, аймгийн Засаг дарга Д.Оюунбат, “Эрдэнэт” үйлдвэрийн ерөнхий захирал Ч.Ганзориг нар хүрэлцэн ирж, оролцсон баг тамирчдад талархал илэрхийлэн шагнал гардуулж, “Камертон” хамтлаг ая дууны мэндчилгээ дэвшүүлэв. Байгаль орчинтой зохистой харьцах, хээрийн аяллын бэлтгэл хангах, баг зохион байгуулах, хариуцлагатай аялал жуулчлал хөгжүүлэхэд залуусын оролцооны талаар дадлагаар дамжуулан ойлголт өгөх зорилготой энэ тэмцээний оролцогчид байгалиа хайрлан хамгаалах уриалгыг очсон газар нутагтаа, үе тэнгийнхэндээ уриалж явсан нь аяллын чухал ололт байлаа гэж Орхон аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газраас мэдээллээ.