Дундговь аймгийн Соёл урлагийн өдрүүдийн хүрээнд “Дэлгэрхангайн уулан дээрээс дэлхий харагдана” гэсэн Ардын Уран зохиолч С.Дашдооров агсны арван настайдаа хэлсэн үгээр нэрлэгдсэн зохиолч, сэтгүүлчдийн уулзалт Нийслэлийн Баянгол дүүргийн Засаг даргын тамгын газарт өнөөдөр боллоо.
Уулзалтын үеэр Монголын зохиолчдын хороо С.Буяннэмэхийн нэрэмжит шагналыг тус аймгийн уугуул зохиолч, “Чонын алтан шагай” ромйн, “Хул салхи” яруу найргийн түүвэр, “Хөх жавар” өгүүллэг, туужийн, “Он цагийн шастир”, найруулал, тэмдэглэл, ярилцлагын ном туурвисан Долгорын Цэнджав, “Алтан хагсуурга” шүлгийн түүвэр хэвлүүлсэн яруу найрагч Пэрэнлэйн Нямлхагва нарт олголоо.
Монголын гавьяат, уран зохиолч С.Буяннэмэх тус аймгийн уугуул бөгөөд түүний хөшөө Мандалговь хотод сүндэрлэж байдаг, мөн аймгийн төв номын сан түүний нэрэмжит юм.
Энэ шагналыг урьд нь Төрийн соёрхолт, Соёлын гавьяат зүтгэлтэн Долгорын Нямаа зэрэг цөөн хүнд олгосон юм.
С.ПҮРЭВСҮРЭН