
Ноён Даниэл Понеман энэхүү харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурсныхаа дараа сэтгүүлчдэд дараах тайлбар хийлээ. Тэрбээр “Санамж бичигт гарын үсэг зурснаар би хувьдаа гурван талын ач холбогдолтой гэж үзэж байна. Нэгдүгээрт, нүүрсний агууламж багатай цөмийн эрчим хүч бий болгох. Хоёрдугаарт, хоёр улсын гадаад харилцаа улам бэхжинэ. Гурав дахь нь энэхүү санамж бичгийн дагуу цаашид Монгол Улсад дэд бүтэц хөгжих болно” гэж хэллээ.
Харин сайд Г.Занданшатар:-Цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор ашиглах чиглэлээрх баримт бичгийг Монгол Улсын Засгийн газар батлан гаргасан. Энэ дагуу ОХУ, БНХАУ, Энэтхэг, Япон улсуудтай цөмийн эрчим хүчний салбарт хамтран ажиллах санамж бичиг байгуулаад байгаа. Харин энэ удаад АНУ-тай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа. Монгол Улс ураны нөөц ихтэй орны тоонд тооцогддог учраас цөмийн эрчим хүчийг энхийн зорилгоор үр бүтээлтэй ашиглах нь манай улсын хувьд хөгжлийн гол зорилт байгаа. Түүнийг дагаад олон улсын хөрөнгө оруулалт татах асуудалд ч тодорхой ахиц гарч байгаа юм.
Сая байгуулсан санамж бичгийн хүрээнд эрчим хүчний чиглэлээр хамтран ажиллах чиглэлээр бодитой санал солилцлоо. Энэ нь говийн бүсэд нарны эх үүсвэр, салхины эх үүсвэрийг ашигласан томоохон хэмжээний цахилгаан станц байгуулах чиглэлээр санаачлага төслүүд хэрэгжүүлэхээр болсон явдал юм” гэлээ.