МАХН-ынхны бялуу хуваалт

Хуучирсан мэдээ: 2011.02.08-нд нийтлэгдсэн

МАХН-ынхны бялуу хуваалт

МАХН-ын онц  их хурал бар жилийн сүүлээр сүржин хэр нь даржин ч гэж хэлж болохоор хуралдаад амжсан.  Тус хурал  үд­шийн 22.00  цаг хүртэл үргэл­жилж  намын даргаа  сонгосноор  өндөрлөсөн гэх ч албан тушаал хуваарилалтын  хурал шөнөжин үргэлжилж  өглөөний  08:00 цаг хүргэсэн. Намын дарга ч  яахав  Н.Энхбаяр болох нь то­дорхой байсан юм чинь. Бага хурлын төлөөлөлд нийт 108 хүн,  хяналтын хороонд нийт есөн хүн байхаар санал хураалт  яваг­дахад эхний ээлжинд аймаг тус бүрээс бага хурлын тө­­лөөлөлд оруулах хүний нэр­­сийн жагсаалтыг бүртгэн авч намын дарга Н.Энхбаяр  109 хүний нэрийг уншсан ч түү­нийг уншаад  дуусмагц нэгэн төлөөлөгч “Наадуул чинь ямар гавьяатай хүмүүс болоод авто­матаар бага хуралд орж байгаа юм бэ”  хэмээн  том  дуугарсан нь    албан тушаалын  мөрөөдөл болж байсан зарим нэг  хүний загатнасан газрыг маажчихав.  Зарим нь энэ үгээр  далимдуулж  ам нээсээн дээрээ уушгиа нээе гэсэн шиг  “Ер нь  300 хүнийг төлөөлөлдөө сон­гоё. Бүгдээрээ л хоёр сар энэ намын төлөө уйгагүй зүт­гэсэн“  гэх зэргээр хүн бүр ам амандаа шаагилдаж, са­­наа бодлоо илэрхийлээд ав­­на билээ.  Ийнхүү МАХН-ыг сэр­гээнэ гэсэн зорилго бү­­хий залуус  үзэл бодлоороо эв­лэл­дэн нэгдэх бус зөвхөн албан ту­шаалын төлөө  зүтгэж явсан нь илэрхий болсон. Нэг үгээр  хэлбэл МАХН-ыг сэргээх нь гол бус хэн илүү дарга  нарынхаа нүдэнд  өртөж,  онц  их хуралд бусдаасаа  олон хүн авчрах  гэдгээрээ өрсөлдсөн аж.  Нэг хүн дор хаяж 10-аас доош­гүй хүн авчрах ёстой гэсэн даалгаврыг удирдлагуудын зү­­гээс даалгасан  гэх яриа ч сон­­согдсон.   Ингээд  22.00 ца­­гаас хурлаа албан ёсоор хаас­ны дараа албан тушаалын  хуваарилалт дээрээ багагүй санал зөрөлдсөн аж. Хамгийн удаан хэлэлцэж  маргалдсан нь намын генсекийг томилох ту­хай асуудал байжээ. Н.Удвал,  Ю.Атар, Б,Туяа нар генсект нэр дэвших нь анхнаасаа тодорхой байсан хэдий ч С.Молор-Эр­дэнэ  нь ч   бас тэр үеэр нэрээ шургуулаад амжсан  юм байх. Ер нь бол Б.Туяа онц их хурлын түр штаб байгуулагдсан цагаас эхлэн хамтран зүтгэгчиддээ рейтинг өндөртэй байсан тө­дийгүй Намын генсек болох нь тодорхой  гэгдэж байсан бол тухайн үед хурал удирдан явуулж байсан Ц.Алтаншагай гэгч нөхөр хурал үймүүлж орхин  гарснаас болоод генсекийн суудалд  сууж чадаагүй гэнэ. Учир нь Алтаншагай гэх нөхөр  Б.Туяатай  нэг үүрт хамтран зүтгэж байсан төдийгүй намын удирдлагуудын нүдэнд хэдийнэ өртөж онц их хурлаас өмнө залуучуудын байгууллагын дар­га гэдэг албан тушаалыг  ч өөртөө амлуулж чадсан гэх.   Гэвч  түүнд  тус албан тушаалаас илүү эр зориг гарган хурал орхиж  гарах нь дээр санагдсан бололтой.  Харин  түүний энэ эр зориг ёстой нөгөө “баг ална” гэгч болсон.  

Тухайлбал,  Ц.Алтаншагай­гаас болж  Б.Туяа генсекийн сууд­лаа  Н.Удвалд  алдсан төдийгүй бага хурлын гишүүнд ч багтаж чадаагүй аж.  Ганц Б.Туяагаар зогсохгүй  түүнтэй хамтран  ажил­­лаж байсан залууст нь ч  бага хурлын гишүүний  эрх мэ­дэл албан тушаал өгөөгүй  бай­на.  Тйимээс албан тушаал авч чадаагүй  залуус хурлаас га­рахдаа  Ц.Алтаншагайг  таардаг л юм бол “будаа болгоно”. Тэр л тэнэг үйлдэл хийгээгүй бол  бид ядаж бага хурлын ги­шүүнд багтах ёстой байсан. Н.Энх­баяр ер нь муу хүн юм аа.

Үүнийг нь мэдсэн бол хоёр сар  явах хэрэггүй байж. Ер нь Ц.Алтаншагай шиг аль аль на­маас нь хэдэн төгрөг авчихдаг байж” гэлцэн гарч явцгаасан гэнэ. Харин Б.Туяагийн хувьд генсек болж  чадаагүй ч Н.Уд­валд сэтгэл хангалуун бай­гаа­гаа хэлсэн аж. МАХН-ын түр штабын дөрвөн эмэгтэй хоёр хоёроороо хоорондоо фракц болж ажилладаг байж.  Б.Туяа­гийн хувьд Н.Удвалын талд байсан  бөгөөд Ю.Атар, Н.Баян­сэлэнгэ нар нэг фракци болж ажиллажээ.  Б.Туяаг генсек бол­гож болохгүй гэх мессежийг Ю.Атар Ц.Шинэбаяр гишүүн рүү хэдэнтээ чулуудаж амжсан су­раг дуулдана билээ. Зарим нэг эх сурвалжийн ярьснаар, Ц.Ши­нэбаяр гишүүн Ю.Атарын үгнээс гардаггүй, хэлсэн ярьс­ныг нь хүлээн зөвшөөрдөг бай­сан ч гэх юм билээ. Ингээд МАХН-ынхан генсекийн  сууд­лын төлөө  ширүүхэн өрсөлд­жээ. Харин генсекээ томилсны дараа  Намын дарга Н.Энхбаяр эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүйгээр шийдэж С.Мо­лор-Эр­дэнэд намын гадаад бод­логыг хариуцуулж,  Ю.Атарт нарийн бичгийн даргын ажлыг өгч асуудлыг намжаасан байна.

Б.ДАВАА


Зохиогчийн эрх:
"Монголын мэдээ" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж