
Мэдээлэл, шуудан харилцаа, холбоо технологийн газар, Мэдээллийн технологийн паспорт /МТҮП/, Япон улсын Эдийн засаг, худалдаа, аж үйлдвэрлэлийн яам хамтран Мэдээлэл технологийн паспорт шалгалтыг авахаар болжээ. Энэхүү шалгалтыг бүхий л бизнесийн салбарын ажилтан, ажиллагсадын нийтээр мэдвэл зохих мэдээллийн технологийн үндсэн ойлголттой, мэдээллийн технологитой холбоотой ажил, үүрэг гүйцэтгэдэг эсвэл албан үүргээ гүйцэтгэхдээ мэдээллийн технологийг ашигладаг бүх хүн оролцох боломжтой аж. Шалгалтад оролцсоноор бүх нийтийн мэдээллийн технологийн мэдлэг, хэрэглээний ур чадварыг сайжруулах, ажил олгогчид ажилтануудын мэдээллийн технологийн мэдлэгийг тусгайлан шалгах шаардлагагүй, уг шалгалтын үнэлгээгээр үнэлэх боломжтой болох гэнэ. Түүнчлэн мэдээллийн технологийн нэгдүгээр төвшний ур чадварын паспорт нь салбар хамааралгүйгээр ажилтануудын чадвар, чадавхийг бүрэн илтгэж, хэрэглээний төвшинг тодорхойлох боломж бүрдэх юм байна. Уг шалгалтын бүртгэл ирэх сарын -15-ныг дуустал үргэлжлэх бол шалгалтыг ирэх сарын 31-нд өгөх ажээ.
Дашрамд дуулгахад, Азийн 12 оронд нэгдсэн стандарттай болгох зорилгоор мэдээллийн технологийн инженерийн шалгалтыг анх хэрэгжүүлж эхэлжээ. 2005 онд мэдээллийн технологийн инженерийн ур чадварын стандартууд болон дээрх шалгалтыг нэвтрүүлэхэд хамтран ажиллах зорилгоор Азийн орнууд нэгдэн мэдээллийн технологийн шалгалтын зөвлөл ITPEC –ийг байгуулжээ. Тус шалгалт нь дөрвөн түвшинтэй. Анхан шатны буюу ажил албандаа мэдээллийн технологийг хэрэглэдэг албан хаагч нарт зориулсан паспорт шалгалт, мөн мэргэжилтнүүдэд зориулсан суурь төвшний мэдээллийн технологийн инженерийн суурь шалгалт, дунд төвшний программ хангамжийн инженерийн шалгалт гэсэн гурван түвшний шалгалтыг манай улс болон Азийн хэд хэдэн оронд нэвтрүүлээд байна. Жилд хоёр удаа хавар, намар явагддаг тус шалгалтыг манай улсад 2006, 2007 онуудад туршилтаар авч байжээ.
П.Наран