
Эдийн засагт ямар мөнгө хэрэгтэй вэ. Товчхон хариулахад, хөрөнгө оруулалтыг бий болгож, үйлдвэрлэлийг дэмжиж, ажлын байр бий болгох мөнгө эдийн засагт хэрэгтэй. Харин тэр мөнгө яг одоогоор бидэнд алга. Уул уурхайгаас хангалттай их мөнгө орж ирж байгаа ч улстөрчид сонгуулийн амлалтаа биелүүлэхийн тулд ард түмэнд халамж хэлбэрээр тарааж байна. Тийм болохоор тэр их мөнгө үйлдвэрлэл, нэмүү өртгийг дэмжихээсээ илүү хүмүүсийн өнөө маргаашийн хоол унданд л “явчихаж” байгаа юм. Үйлдвэрлэлийг дэмжээд, нэмүү өртөг бий болгосон зүйлгүй хэр нь инфляцийг харин багагүй өсгөнө шүү. Түрүүчээсээ өсөлт ажиглагдаад эхэлснийг эдийн засагчид хэлж, ярьж байна. Тэгэхээр улстөрчид, төр засгийн эрхмүүд “бидэнд мөнгө байна” хэмээн итгэлтэйгээр хэлж байгаа боловч тэр нь яг эдийн засагт үр өгөөжөө өгөв үү гэвэл үгүй байгаа биз. Их мөнгө орж ирэхийн хэрээр үйлдвэрлэл хөгжиж, дагаад худалдан авах чадвар нэмэгдэж, хүн бүрийн амьдрал дээшилж байвал хамаа алга. Тэр цагт инфляци ч гэсэн тодорхой хэмжээнд өсөхөд гэмгүй шүү дээ. Нэгэнт эдийн засаг тэлж байгаа хойно инфляци байж л таарна. Гэтэл үйлдвэрлэл хөгжөөгүй, эдийн засаг өсөөгүй, иргэдийн худалдан авах чадвар сайжраагүй байхад инфляци хөөрөгдөөд байж болохгүй гэдэг нь тодорхой. Харамсалтай нь яг ийм нөхцөл байдал өнөөдөр нэгэнт бий болчихсон. Тодорхой хэлбэл, үндэсний үйлдвэрлэгчид нь сөхөрч унахдаа тулж, мөнгөөр цангаж, иргэд нь инфляцид дарлуулж, хоногийн хоолоо арай ядан даах аж.
Тэгвэл эдийн засагт хэрэгтэй мөнгийг хэн, яаж бий болгох вэ. Шуудхан хариулахад, Монголбанк энэ асуудлыг бие даан хариуцах ёстой байх. Өөрөөр хэлбэл, бодлогын хүүг бууруулах замаар арилжааны банкуудыг дэмжиж, зээл олголтыг тэлнэ гэсэн үг. Бага хүүтэй зээл байгаа цагт үйлдвэрлэл хөгжиж, ажлын байр бий болно. Тэр хэрээр дотоодын нийт бүтээгдэхүүн өсч, иргэдийн худалдан авах чадвар сайжирна. Гэтэл өнөөдөр арилжааны банкуудын зээлийн дундаж хүү жилд 20 хувь байна. Энэ хэмжээний зээлийн хүүтэй эдийн засаг өөрөө үйлдвэрлэх ямар ч боломжгүй гэхэд хилсдэхгүй. Тийм ч учраас эдийн засагт үр өгөөжөө өгөх, эдийн засагт хэрэгтэй мөнгө бидэнд алга байна гэж хэлээд байгаа юм. Алга байна гэхээсээ илүү тийм мөнгө байлгахыг хүсэхгүй байна гээд хэлчихэд гэмгүй биз. Бодлогын хүүг бууруулж, зээлийн хүүг багасгах талаар Засгийн газар, УИХ-аас Төв банкинд хэчнээн шахалт үзүүлсэн ч “боломжгүй” гэж хариулаад байгаа болохоор ийн хардаж байгаа юм. Тэд төсөв тэлчихсэн, иргэдийн гар дээр их хэмжээний мөнгө бэлнээр очиж байгаа болохоор зээлийн хүүг бууруулж болохгүй байна гэж тайлбарласан. Харамсалтай нь тэр мөнгө чинь үйлдвэрлэлийг дэмжих бус ердөө л халамжийн мөнгө шүү дээ. Үйлдвэрлэлийг дэмжиж, ажлын байр бий болгох зориулалттай мөнгө гэдэг халамжаас шал өөр ойлголт. Тэгэхээр Засгийн газраас сар бүр иргэдэд олгож байгаа 21 мянган төгрөгөөр түрий барьж, Төв банкныхан зээлийн хүүг өндөр хэвээр барих нь үндэслэлгүй бөгөөд утгагүй болж байгаа юм.
Манай улсын дотоодын нийт бүтээгдэхүүн сүүлийн жилүүдэд эрс өссөн. Тэр хэрээр Төв банкны гадаад дотоод валютын нөөц ч нэмэгдсэн. Өнөөдөр гэхэд Төв банкныхан ам.долларын нөөц 1.8 их наядад хүрлээ хэмээн гайхуулж байна. Түүнийгээ эдийн засагт оруулчихаар инфляци өсөх гээд байна гэж айгаад, гадаадын банкинд байршуулчихсан гэж байгаа. Эдийн засгийн багтаамжаас хэтэрсэн мөнгийг гадаадын орнуудад байршуулдаг туршлага байдаг л даа. Гэхдээ манай улсын хувьд яг ийм бодлого хэрэгтэй юу гэдгийг бодох ёстой байх. Өөрөөр хэлбэл, илүү гарсан мөнгөө гадаадад байршуулахаасаа өмнө дотоодынхоо эдийн засгийн хэрэгцээг бүрэн хангаж чадсан уу гэдэг асуултад хариулчих хэрэгтэй. Өнөөдөр дотоодын үйлдвэрлэгчид мөнгөний “өлсгөлөнд” нэрвэгдэж, зээлийн хүүнд дарлуулж байна хэмээн гомдоллосоор л байгаа. Тэгэхээр дотоодынхоо эдийн засгийн хэрэгцээг бүрэн хангаж чадаагүй байна гэсэн үг. Энэ тохиолдолд, илүү гарсан мөнгөө гадаадад байршуулах нь тийм ч оновчтой шийдэл биш болов уу. Ер нь ямар мөнгө илүү гарчихаад байгаа юм гээд асуучихад гэмгүй байх.
Дахин хэлэхэд, Монголбанкныхан төсөв тэлчихсэн учраас зээлийн хүүг бууруулж болохгүй, инфляци өсчих гээд байна гэж ярих хэрэггүй. Хүүхэд өсөхийн хэрээр хувцас нь томордог шиг манай улсын эдийн засаг өсөхийн хэрээр төсөв тэлж л таарна. Тэр болгонд “төсөв тэлчихсэн учраас” гээд л уйлагнаад байх хэрэг үү. Зээлийн хүүг бууруулах боломжгүй гэж яривал бүр ч хэрэггүй. Хүүг бууруулах боломж байгаа. Харин тийм итгэл үнэмшил, зориг байна уу гэдэг л асуудал бай. Харин Монголбанкны өнөөгийн удирдлагуудад тийм хүсэл эрмэлзэл, зориг ерөөс байхгүй бололтой.
Зохиогчийн эрх:
"Монголын мэдээ" сонин