
Түүнийг Ерөнхийлөгчөөр ажиллаж байхад МАК-ийнхан тухайн үеийн Засгийн газартай гэрээ байгуулж, нүүрсний үнийг зах зээлийн ханшаас доогуур үнээр Хятад руу гаргаж байсан. Тонныг нь 16-21 ам.доллараар. Тонн тутмаас есөн долларын татвараас зугтаж байсан гэдгийг ч бас тэр батлаад өглөө. Тэгэхээр жагсаал цуглаан санхүүжүүлээд, шатсан байранд хандивлаад байгаа мөнгө Цагаан суваргын ордыг бүрэн гүйцэт улсад эргүүлж өгөөгүйн, бас татвар чөлөөлөгчдийн мөнгө байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр одоо зөвхөн МАК-ийг шалгаж, үнэн мөнийг тодруулах л үлдээд байна. Бас тус компани улсын зардлаар хайгуул хийж нөөцийг тогтоосон Цагаан суваргын ордыг өмчилсөн тухай нууцыг задруулчихлаа. 1.6-1.8 сая тонн зэсийн нөөцтэй Цагаан суваргын орд ямар замаар хувийн компанид очсоныг хамгийн түрүүнд шалгах хэрэгтэй боллоо. Улс төр, бизнеснийхний явцуу эрх ашгийн талаар илүү их мэдлэгтэй, басхүү тэр хэмжээгээр нууцыг хав дарж яваа Н.Энхбаяр ч өөрөө “но”-той нөхөр. Өөрт нь 500 саяын хахууль өгөхийг оролдсон хүнийхээ нэр усыг одоо болтол зарлаагүй яваа, тэр. Авлигын загалмайлсан эцэг гэх нэрийг хүсээгүй байхад нь хэн нэгэн өгчихсөн гэж тэр хэлсэн. Өөрөөр хэлбэл, нэгэн цагт УИХ-ын гишүүн байсан “Симба” Батаагийн явуулгаар ийм нэртэй болсон гэж ярьсан. Загалмайлсан эцэг мөн бишээ одоо л шалгуулах хэрэгтэй бус уу. 500 саяын хахууль өгөх гэсэн хүнээс эхлээд О.Нямтайшир, өөр хэн ч байдаг юм, улс төр бизнесийн явцуу эрх ашигтнууд, ашиг сонирхлын зөрчилтэй гэгддэг хүмүүсийг илчилчихвэл болох юм биш үү.
Авлигатай тэмцэх газрынханд бас нэг шалгах ажил гараад ирчихлээ. Энэ нь МАН-ын шинэ байр хэний мөнгөөр, хэрхэн босч байна вэ гэдэг асуудал. Хуучин ЗХУ-ын өгсөн зээлийн хөрөнгөөр баригдсан, шатаагдсан байр чухам хэний өмч вэ. Тухайн үед ЗХУ МАХН-д бус Монгол Улсад зээл өгсөн байж таарна. Хандиваар босч байгаа нэртэй шинэ ордонд хэн хэн хэдэн тэрбум, саяар нь хандивласныг МАН-ынхан үхтлээ нууцлах биз. Яг энэ тухайд Н.Энхбаяр нэг юм хэлэх гээд үгээ залгичихсан. Энэ байрыг хэн шатаалгасан, яагаад шатаасан талаар түүнд ярих юм бий гэнэ лээ. Тэгэхээр шатаасан эзэн нь хэн, яагаад шатаалгах болсныг ч шалгаж тодруулах биз ээ.
Эцэст нь дүгнэхэд юмны эзэн, сумны занги Н.Энхбаяр их олон юмны гэрч болох гээд байх шиг санагдахгүй байна гэж үү. Тэр их олон юмыг мэдэж байгаа. Даанч үгээ цааш нь залгичихаад байна л даа. МАХН-ын Онц их хурал дээр үг хэлэхдээ ч бас иймэрхүү “но”-той юмыг цухуйлгаж л байсан. Тухайлбал, “Цөөн тооны хүмүүс та биднийг битгий цуглаасай, хурц асуудлуудыг битгий хөндөж яриасай, өнөөгийн төр засгийн үнэн дүр төрхийг битгий илчлээсэй гэж хүсч байгаа. Хүсээд зогсохгүй эрх мэдлээ ашиглан элдвийн саад бэрхшээл учруулж, заримыг нь айлган сүрдүүлэх гэж оролдож байгаа” гэж хэлсэн. Тэр цөөн тооны хүмүүс гэдэг нь хэн бэ. Тэд Н.Энхбаяр нарыг яагаад дуугаргахыг хүсэхгүй байна гэж. Намууд хөрөнгө мөнгө босгохдоо улс төр, бизнесийн бүлэглэлийн барьцаанд орсон гэсэн. Энэ ч бас нэг юм хэлээд байна аа даа.
Зохиогчийн эрх:
"Монголын мэдээ" сонин