
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар өнөөдөр Монгол Улсын Эрүүгийн (Төрөлжсөн) хуулийн төсөл, Монгол Улсын Эрүүгийн (Төрөлжсөн) хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийн шинэчилсэн найруулгыг авч хэлэлцлээ. Уг хуулийн төслийг УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуу санаачилсан байна. Гэвч тэрбээр өвчтэй байгаа тул энэ удаагийн байнгын хорооны хуралдаанд оролцож чадсангүй. Харин хуулийн төсөлд УИХ-ын гишүүн Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж шүүмжлэлтэй хандаж, 1992 онд батлагдсан Монгол Улсын Эрүүгийн хууль өнөө болохгүй байгаа зүйл үгүй. Ойр ойрхон Эрүүгийн хуульд өөрчлөлт оруулах нь хуулийг хэрэгжүүлж байгаа байгууллагынханд төдийгүй ял эдэлж байгаа хүмүүсийн дунд сэтгэл зүйн тогтворгүй байдал бий болгодог. “Тэр зүйл ангийг хүндрүүлэх нь, ялын хугацаа сунах нь” гэх мэтээр сэтгэл зүйн тогтворгүй байдал бий болгодог. Тэгээд ч хэн дуртай нь Эрүүгийн хуулийг шинэчлэхээр төсөл боловсруулаад байдаг юм биш. Маш олон мэргэжлийн хүмүүсийг оролцуулж, санал онолыг нь сонсдог. Сүүлийн жилүүдэд Монгол Улсад эрүүгийн нөхцөл байдал хүндэрч, онц ноцтой гэмт хэргийн гаралтын тоо ихсэх болсон. Нөгөө талаас давтан гэмт хэрэг үйлдэгсдийн тоо мөн ихэссэн. Ийм үед Эрүүгийн хуульд шинэчилсэн найруулга хийнэ гэдэг олон сөрөг үр дагаврыг дагуулж болзошгүй тул нухацтай хандах ёстой гэлээ. Ингээд хэлэлцүүлэг дууссаны дараа гишүүдээс “Хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй” гэсэн томъёоллоор санал хураалгахад УИХ-ын гишүүн Ж.Сүхбаатар дэмжиж бусад 13 гишүүн дэмжсэнгүй. Гэхдээ байнгын хорооноос гаргасан саналыг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулна. Энэ үед гишүүдийн олонх хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзвэл хоёр талаас ажлын хэсэг байгуулан ажиллаж болох хууль эрх зүйн санкц байгааг УИХ-ын дарга онцолсноор тус байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.
Г.Дарь