
Тус зөвлөгөөн нь эрүүл мэндийн салбарт тулгамдаад байгаа бэрхшээлүүдийг хэлэлцэж, цаашдын зорилтыг тодорхойлохийн зэрэгцээ салбарын сайддаа танилцуулах зарим нэг асуудлаа газар дээр нь шийдвэрлүүлэх давхар зорилготой гэнэ. Тухайлбал аймгийн хэмжээнд дөрвөн их эмч, нарийн мэргэжлийн 13 эмч дутагдалтай байгаа бөгөөд сүүлийн үеийн тоног төхөөрөмж зохих хэмжээгээр авч байгаа ч гэсэн түүнийг засах инженер техникийн ажилтан байхгүй зэрэг бэрхшээлүүд байгаа талаар салбарын сайдад уламжиллаа. Хамгийн санаа зовоосон зүйл бол эх хүүхдийн эндэгдэл улсын дунджаас их, жилийн эхний найман сард л гэхэд дөрвөн эх эндсэн аж. Зөвлөгөөнөөс гаргасан шийдвэрийг аймгийн ИТХ-ын хурлаар оруулж ажил хэрэг болгох гэнэ.