”Дөрвийн бүлгийнхэн”-ийг тайтгаруулах уу

Хуучирсан мэдээ: 2011.02.08-нд нийтлэгдсэн

”Дөрвийн бүлгийнхэн”-ийг тайтгаруулах уу

Намын даргын аргадалт "Дөрвийн бүлгийнхэн"-ийг тайтгаруулах уу

Сар шинийн өмнө Ардын намын дарга С.Батболд намдаа “Дөрвийн бүлгийнхэн” хэмээн нэрлэгдэх болсон УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, Ц.Даваасүрэн, Д.Балдан-Очир, Б.Бат-Эрдэнэ нартай уулзахаар өрөөндөө дуудсан аж. Намын дарга, генсек нар “Дөрвийн бүлгийнхэн”-тэй зөвшилцөж, ойлголцох хэрэгтэй гэдэг үүднээс ийнхүү уулзах санал тавьсан байна. Харин тэд бүрэн бүрэлдэхүүнээрээ байгаагүй учир намын удирдлагынхаа “найрсаг” уулзалтыг хойшлуулжээ. Учир нь нэгэнт эхлүүлсэн тоглоомыг дөрвүүлээ дуусгасан нь дээр гэж үзсэнийх биз. Гэхдээ энэ тоглоом намын удирдлагатайгаа уулзах төдийхнөөр дуусах уу, аль эсвэл шинэ тоглоомыг эхлүүлэх үү гэдэг нь анхаарал татсан хэвээр байна.

Ардын намын генсек У.Хүрэлсүх “Нам эв нэгдэлгүй байна. Энэ байдлыг өөрчлөх хэрэгтэй” гэж хэлсэн нэр бүхий гишүүдийнхээ өөдөөс “чулуу нүүлгэж”, залуусыг уриалан дуудсан. Тэдний уг үйлдэл “Тэрслүү дөрөв”-ийн бухимдлыг харин ч сэдрээсэн юм. Ардын нам доторх үл ойлголцол, маргаан дээд цэгтээ хүрэх энэ мөчид МАХН хэмээх улс төрийн шинэ хүчин онц их хурлаа хийн намын даргаараа Н.Энхбаярыг залсан. МАХН эгнээндээ хэнийг ч элсүүлэхэд бэлэн байгаа нь Ардын намынхны болгоомжлолыг төрүүлж, хэдий таарамжгүй байгаа ч таарч тохирох үүднээс “Дөрвийн бүлгийнхэн”-тэй хэлэлцээрийн ширээний ард суухаар бэлтгэж байгаа юм. УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагвыг бүлгийнхээ гурван гишүүний “тархийг угааж”, албан тушаалын шантааж хийлээ хэмээн Ардын намынхан үзэж байгаа. Харин нөгөө талаас Д.Тэрбишдагва гишүүн “Би албан тушаалын шантааж хийгээгүй. Намын удирдлагууд гишүүдээ сонсч сурах хэрэгтэй. Бид тийм буруу зүйл ярьсан гэж бодохгүй байна” хэмээн зөвтгөсөн. Хэрэв Ардын намын удирдлага МАХН хэмээх хүчтэй ч байж мэдэх улс төрийн хүчин гарч ирээгүй бол эдгээр дөрвөн гишүүний үгийг үг гэж тоох байсан эсэхийг хэлж мэдэхгүй юм. УИХ-ын гишүүн, МАХН-ын дэд дарга Ц.Шинэбаярыг өмөөрснөөсөө болж тэрслүү гэх нэр зүүсэн гишүүдийн хувьд намын дарга хэрхэн аашлахаас шалтгаалан дараагийн алхмаа хийх гэнэ. Хэрэв тавьтаргүй гэгддэг Ерөнхий нарийн бичгийн дарга нь дахин дээрэлхүү үйлдэл гаргавал “мөчөөгөө өгөхгүй” хэмээн Д.Тэрбишдагва гишүүн хэлж байсан удаатай. МАХН-д элсч магадгүй байдалтай байгаа энэ дөрвийг намдаа авч үлдэх ганц боломж нь зөвшилцөх гэдгийг намын удирдлага нь мэдээж мэдэж байгаа. Тиймээс л тэднийг дөрвүүлээ цугларахыг хүлээн, уулзах саналаа тавин хүлээцтэй хандаж буй нь энэ.

Яг энэ цаг мөчид МАХН Улсын дээд шүүхэд нэрээ бүртгүүлэх бэлтгэлээ базааж байна. Тэд Дээд шүүхэд яаран сандран бүртгүүлэх бодолгүй байгаа аж. Бүртгүүлэхээс өмнө үг, үсэг, утга найруулгын алдаа зэргийг хянах ажил бий хэмээн МАХН-ын дэд дарга Ц.Шинэбаяр хэлж байсан юм. Дээд шүүхэд МАХН хэмээх товчлолтой нам бүртгүүлээгүй байгаа нь Н.Энхбаяр хийгээд Ц.Шинэбаяр нарт томоохон боломжийг бүрдүүлж өгсөн. Мэдээж тэд энэ боломжийг алдалгүй ашиглах нь тодорхой. Харин үүний эсрэг Ардын намынхны хийж чадах зүйл бол намын гишүүдтэйгээ эвтэй байх явдал. Анхнаасаа “Дөрвийн бүлгийнхэн” энэ бүгдийг тооцоолж, төлөвлөсөн байж ч мэдэх юм. Тэд наанаа “Бид намтайгаа аль болох зөвшилцөхийг бодож байна. Олон жил зүтгэсэн намдаа багахан маргаанаас болж түнжин хагарахыг хүсэхгүй” хэмээж байгаа ч энэ нь намынхаа удирдлагыг өөрсдийн “урхиндаа” оруулах нэг төлөвлөгөө нь байсан гэлтэй. Хэрэг явдал ийнхүү Ардын намын даргын “Дөрвийн бүлгийнхэн”-тэй хийх уулзалтаас шалтгаалахаар боллоо. Харин Ардын намын эсрэг МАХН-ынхан хүчээ зузаатгана. МАХН-тай нэгдэж магадгүй гэдгээ Үндэсний шинэ намынхан мэдэгдсэн. Хэрэв тэднийг дагаад өөр жижиг намууд МАХН-д нэгдэж, эвсвэл Ардын намынхны толгойны өвчин улам нэмэгдэх биз. МАХН-ынхан ойрын хугацаанд Дээд шүүхэд өргөдлөө өгнө хэмээж байгаа. Өргөдлөө өгсний дараа Дээд шүүх анхан шатны шүүх хурлаараа Монгол Ардын хувьсгалт нам хэмээх нэрийг Н.Энхбаярт өгөх эсэхийг шийдэх юм. Тэд нэрээ албан ёсны болгосны дараа улс төрийн жинхэнэ тоглолтоо эхлүүлэх нь тодорхой.

Ц.ЭНХЦЭЦЭГ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж