Цалингийн нэмэгдэл хувийн хэвшлийнхэнд падгүй

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Цалингийн нэмэгдэл хувийн хэвшлийнхэнд падгүй

Төрийн албан хаагчид их азтай улс юм. Тэдний ца­линг 30 хувиар нэмэх шийд­вэрийг Засгийн газар гар­гачихлаа. Одоо үүнийг бо­дит ажил хэрэг болгохын тулд УИХ ганц тогтоол гар­гаад л гүйцээ. Гэхдээ энэ шийдвэрийг гаргах тийм ч амар байгаагүй. Хөдөлмөр, нийгмийн зөвшлийн гурван талын байгууллага болох Нийгмийн хамгаалал, хө­дөл­мөрийн яам /НХХЯ/, Мон­го­лын үйлдвэрчний эвлэлийн холбоо /МҮЭХ/, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн хол­боо /МАОЭНХ/-ныхон уг асуудлыг шийдэх гэж өн­гөр­сөн өвөл, хаврын турш мэтгэлцээн өрнүүлсэн. Ганц асуудал шийдэх гэж ийм удаан маргалдсан нь цаанаа их нарийн учиртай. Уг нь гур­ван тал ёстой л “Эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй байх” гэсэн ардын зүйр үгийг гол зарчмаа болгох учир­тай байв. Гэтэл аль аль тал нь өөрийн байгууллагын нэр хүнд, төлөөлж буй хү­мүү­сийнхээ эрх ашгийг нэгдүгээрт тавьж гүрийснээс болоод маргаан даамжирсан юм. МҮЭХ-ноос анх төрийн албан хаагчдын цалинг 30 хувь бус, бүр хоёр дахин нэ­мэх шаардлага тавьж бай­лаа. Гэвч Засгийн газарт энэ нь хэт ахадсан тоо учраас хялбархан шийдэх боломж хомс байв. Харин хувийн хэвш­лийнхний эрх ашгийг тө­лөөлдөг МАОЭНХ-ны хувьд зо­рилго нь эрс өөр. Төрийн албан хаагчдын цалин огцом нэмэгдэх нь ажил олгогч эз­­дэд халтай учраас тэр. Яагаад гэвэл бизнесийн бай­гуул­лагууд Хөдөлмөрийн хөлс­ний доод хэмжээний ту­хай хуулиар тогтоосон хэм­жээнээс бага цалинтай байж бол­доггүй. Хэрэв НХХЯ, МҮЭХ хоёр тохиролцоод хө­дөл­­мөрийн хөлсний доод хэмжээг өсгөчихвөл хувийн хэвш­лийнхэн чирэгдэхээс ар­га­гүй. Тиймээс цалин, тэт­гэв­рийг хэт өсгөхгүй байх гэсэн НХХЯ-ны эрмэлзэлтэй МАОЭНХ-ны ашиг сонирхол ч нэгдэж байлаа. Үндсэндээ гурван талт хэлэлцээр удааш­­­рах хамгийн гол шалт­­гаан энэ байсан гэхэд бол­­­но. Гэвч үйлвэрчний эв­­­лэ­­­лийнхний өрнүүлсэн тэм­­­­цэл өнөөдөр нэгэнт үр дүнд хүрлээ. Хэдийгээр хоёр дахин гэсэн том тоог 30 хувь болгож бууруулсан ч хүр­­сэн амжилтдаа МҮЭХ-ныхон сэтгэл хангалуун бай­­гаа. Учир нь Засгийн газ­­рын мөрийн хөтөлбөрт “Ца­­лин, тэтгэврийг хоёр да­хин нэмэгдүүлнэ” гэсэн үг, өгүүл­бэр бий. Тиймээс бү­рэн эрхийнхээ хугацаанд энэ­­хүү амлалтаа биелүүлж ча­­дах­гүй бол Засгийн газрын нэр хүндэд ихээхэн халтай. Чу­хам энэ сэжүүрийг л МҮЭХ барьж авсан юм. Шүүмж­лэлтэй хандаж буй хүмүүст тайлбар хэлэхэд ч амар. “Бид боломжгүй зүйл шаардаагүй. Засгийн газар л ийм амлалт өгсөн. Тэднийг амлалтаа бие­лүү­лээч гэж л шаардаж бай­на”. Энэ бол МҮЭХ-ныхны шил­дэг тайлбар. Ийм эвгүй ша­хаанд орсон Т.Ганди сайд ч арга буюу хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ.

Ийнхүү Засгийн газар эх­ний раундад МҮЭХ-нд ялагд­лаа. Харин цалинг огцом нэ­­мүү­лэхгүй байхын төлөө яам­­тай хүч хавсран зүтгэж бай­­сан МАОЭНХ-ныхон өд­гөө яагаад таг чиг болов гэдэг нь сонин. Гурван талт хэлэлцээр ид өрнөж байх үед МАОЭНХ-ны ерөнхийлөгч Л.Нямсамбуу “Төрийн албан хаагч­­дын цалинг хоёр да­хин нэмэх юм бол хувийн хэвш­лийнхэн хүнд байдалд орж, 30 мянга гаруй хүн гудам­жинд гарах болно” гэсэн сүрдүүлэг маягийн тайлбар хэлж байсныг санаж байна. Тэгэхээр төрийн албан хаагч­дын цалинг хоёр дахин бус, 30 хувиар нэмсэн ч хувийн хэвшилд тодорхой тооны хү­мүүс ажилгүй болох учиртай баймаар. Гэтэл яагаад чимээ­гүй байна вэ. Хариулт нь тун энгийн. Төрийн албан хаагч­дын цалин хувийн хэвшилд нөлөөлөх эсэх нь зөвхөн Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээний тухай хуулиас шалтгаалдаг талаар дээр дурьдсан. Энэ хуулийн ши­нэ­чилсэн найруулгыг өнгөр­сөн дөрөвдүгээр са­рын 16-нд УИХ баталсан бө­гөөд ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс дагаж мөрдөх юм. Хуулийн шинэчилсэн най­руулга нэлээд онцлогтой бол­сон. Тодруулбал, урьд нь хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг Засгийн га­зар тогтоодог байсан бол одоо Хөдөлмөр, нийгмийн зөвш­лийн гурван талт Үн­дэс­ний хороо харилцан зөв­шилцсөний үндсэн дээр жилд хоёр удаа шинэчлэн тогтоож байхаар болсон юм билээ. Гурван талт Үндэсний хороо ирэх арав, арваннэгдүгээр сард хэлэлцээрээ хийнэ. Тэр үед МҮЭХ-ныхон “Цалин, тэтгэврийг хоёр дахин нэмнэ” гэж зүтгэдгээрээ зүтгэнэ. Мөн МАОЭНХ-ныхон ч “Цалин нэм­бэл хүмүүс ажилгүй болно” гэсэн өвөрмөц тайлбараа хийж, байр сууриа тууштай хам­гаалах нь тодорхой. Ха­рин НХХЯ-ныхан энэ хоёр хол­бооны аль нь хүчтэй бай­хаас хамаарч жанжин шугамаа тодорхойлох биз ээ. Ямартай ч энэ удаагийн 30 хувийн нэмэгдэл хувийн хэвш­лийнхэнд огт падгүй гэдэг нь ойлгомжтой байна. Гэх­дээ өвлийн жавар тачиг­наж эхлэхтэй зэрэгцэн “Чи­ний цалинг нэмбэл би ажилгүй болно. Цалинг хоёр дахин нэм. Чадахгүй бол огцор. Мөнгө байхгүй. Бас инфляци…” гэсэн эх адаг­гүй маргаан оволзох нь гар­цаагүй.

Ч.ДАШДЭЛЭГ

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж