Учияма WBA-ын аваргын бүсээ хамгааллаа

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Учияма WBA-ын аваргын бүсээ хамгааллаа

Японы мэргэжлийн тулаанч Такаши Учияма WBA-ын хөнгөн жингийн дэлхийн аваргын бүсээ хамгаалах ээлжит тулаанаа өчигдөр Индонезийн Рой Мухлисийн эсрэг хийж, өрсөлдөгчөө техникийн хүнд цохилтоор буулган авсан байна. Тулааны тавдугаар раунд эхлээд хоёр дахь минут өнгөрч байхад Учияма баруун гараараа хүчтэй цохилт хийж, өрсөлдөгч нь газарт унасан бөгөөд шүүгч тулааныг зогсоож, Учиямад ялалт өгчээ.

Тулааны дараа Учияма “Түүний гэдэс рүү хүчтэй цохилт хийсний дараа Мухлис ухаангүй болсон. Бэлтгэл сургуулилтын үеэр туршиж байсан зүйлээ л хийсэн дээ. Би өөрийгөө илүү хүчирхэг байж чадна гэдгээ мэдэж байсан” хэмээн ярьжээ.

Такаши Учияма энэ оны нэгдүгээр сард Мексикийн тулаанч Хуан Карлос Сальгадог мөн техникийн хүнд цохилтоор буулган авснаар дэлхийн аваргын бүс эзэмших болсон бөгөөд ийнхүү хоёр дахь удаагаа аваргын бүсээ амжилттай хамгаалаад байна. Ингэснээр мэргэжлийн боксын рингэн дээрх 16 дахь дараалсан ялалтаа авсан юм. Харин үүнээс 13-т нь хүнд цохилтоор ялалт байгуулжээ.

Харин энэ жил 23 настай, залуу тамирчин Мухлисийн хувьд өдгөө WBA-ын чансааны жагсаалтад тавдугаарт эрэмбэлэгдсэн бөгөөд өчигдрийн тулааны дараах байдлаар 22 /үүнээс 17 удаад нь хүнд цохилтоор /ялж, гурав ялагдаж, хоёр удаа тэнцсэн амжилттай болоод байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж