Моуриньо шигшээ багаа дасгалжуулахгүй

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Моуриньо шигшээ багаа дасгалжуулахгүй

Испанийн эзэн хааны “Реал Мадрид” клубын дасгалжуулагч Жозе Моуриньо “Евро-2012”-ын сонгон шалгаруулалтын дараагийн хоёр тоглолтод улсынхаа шигшээ багийг түр хугацаанд дасгалжуулах саналд татгалзсан хариу өгчээ.

Ирэх аравдугаар сард Португальд болох Данийн багтай хийх тоглолтод “Онцгой нэгэн” улсынхаа шигшээ багийг дасгалжуулж магадгүй гэх яриа гарч, Моуриньо өөрөө ч “Хэрэв би ажилгүй, чөлөөт агент болсон бол маргааш л гүйгээд очих байсан” хэмээн ярьж байсан юм.

Харин өчигдөр Моуриньо хэвлэлийн бага хурал хийж, өөрийн үзэл бодлоо илэрхийлсэн байна. “Португаль хүний хувьд би үргэлж шигшээ багийнхаа талд байх болно. Харин дасгалжуулагчийн хувьд энэ асуудал одоохондоо хаалттай байна. Энэ сэдвээр дахин ярихыг хүсэхгүй байна” гэжээ.

Португалийн хөлбөмбөгийн холбооноос Карлос Куэйрозыг ажлаас нь халсны дараа тус улсын шигшээ баг дасгалжуулагчгүй хоцорч, “Реал”-ын гурван од Криштиан Рональду, Рикардо Карвальо, Пепе нар ч “Евро-2012”-ын тоглолтод онцын амжилт гаргаж чадалгүй, улмаар Киприйн багтай 4:4-өөр тэнцэж, дараа нь Норвегийн шигшээд 1:0 харьцаатай хожигдсон билээ.

Нэгэнт Моуриньо шигшээ багаа дасгалжуулах боломжгүй гэдгээ мэдэгдсэн учир “Спортинг Лисбон” клубын дасгалжуулагч Пауло Бенто шигшээ багийн дасгалжуулагч болох хамгийн өндөр магадлалтай хүнээр тодроод байна. Хэрэв Бентог энэ албан тушаалд томилогдвол Моуриньо өөрийн чадах бүхнээр тусалж, дэмжинэ гэдгээ ч илэрхийлжээ.

Тэрбээр “Мэдээж Португаль хүний хувьд би улсынхаа шигшээ багийг өндөр амжилт гаргаасай гэж хүсдэг. Манай клубт тоглож байгаа гурван хөлбөмбөгч шигшээ багийн бүрэлдэхүүнд байгаа учир тэдний тал дээр би харамгүй туслах болно” гэжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж