Чилийн тусгаар тогнолын 200 жилийн ой

Хуучирсан мэдээ: 2010.09.21-нд нийтлэгдсэн

Чилийн тусгаар тогнолын 200 жилийн ой

Чили улс тусгаар тогтнолынхоо 200 жилийн ойгоо 9 дүгээр сарын 17-ны өдрөөс эхлэн тэмдэглэж эхлэв. Нийслэл Сантьяго хотын төв хэсэгт оршдог Ла Монеда хэмээн нэрлэдэг ерөнхийлөгчийн Ордоны өмнө 18х24 метрийн хэмжээтэй төрийн далбаагаа мандуулжээ.

Ерөнхийлөгч Севастьян Пиньера тус улсын өмнөх ерөнхийлөгчид болох Патрисио Айлвин, Эдуардо Фрей, Рикардо Лагос болон Мичелле Бачелет нарын хамт нийт ард түмний баярын цуглаанд  хүрэлцэн ирсэн аж.

Ерөнхийлөгч Пиньера “Өндөрт өргөн мандуулсан далбаа маань нэгдмэл Чили, эвлэрэн нэгдсэн Чили улсын билэг тэмдэг болж байна” гэж дарангуйлагч Аугусто Пиночетийн дэглэм/1973-1990/ -ийн төгсгөл ирж, Чили улсад  ардчилсан нийгэм дахин тогтоосноос хойш тус орны ерөнхийлөгчөөр сонгогдон ажиллаж байсан дөрвөн ерөнхийлөгчид хандан онцлон хэлсэн байна.

Ард түмний Талбайд болсон ойн баярт зориулсан олон нийтийн цуглааныг нээж, 17х24 метрийн хэмжээтэй төрийн далбаагаа аажмаар мандуулахын хамт, Чилийн сүлд дууг эгшиглүүлжээ. Баярын цуглаанд олон мянган иргэд, Засгийн газрын болон парламентын гишүүд, Зэвсэгт хүчний удирдагчид оролцжээ.

Төрийн далбаа аажмаар дээшилсээр 61 метр өндөр сургийн дээд хэсэгт хүрэхэд Чилийн цэргийн нисэх хүчний онгоцнууд нисэн өнгөрч, чилийн төрийн далбааны өнгө болох цагаан, хөх, улаан өнгийн туузан утаа үлдээж, ой тэмдэглэх баярыг чимэглэжээ. Цагаан өнгө нь мөнхийн  цасаар хучигдсан Андын нуруу, хөх өнгө нь тэнгэр, далай, улаан өнгө нь испанийн түрэмгийлэн эзлэгчдийн эсрэг тэмцэж байсан Арауканчуудын урсгасан цусны өнгийг төлөөлдөг ажээ.

АНУ-д захиалан хийлгэсэн энэхүү далбаа нь  70 кг-ийн жинтэй ба бэхэлгээ гогцоо бусад зүйлийг оролцуулахад 200 кг хүрч байгаа бөгөөд Ерөнхийлөгч Пиньера “Чилийн ард түмний эв нэгдэл, эрч хүч, хатуужил, эр зоригийг билэгдэж байгаа юм” гэж тайлбарласан байна.

Эх сурвалж: El Universal


Бэлтгэсэн Д.Пунцаг 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж