
Саяхан Дорноговь аймгийн Засаг дарга П.Ганхуяг тэмээ хамгаалах, өсгөн үржүүлэх тухай захирамж гаргаж байгальд ээлтэй тэмээн сүргийг үр төлөөр нь өсгөн үржүүлж, тогтвортой амжилт гарган ажиллаж байгаа тэмээчдийг урамшуулан, жилийн эцсийн мал тооллогын дүнгээр бойжуулсан ботго бүрт 5000 төгрөг олгох шийдвэр гаргалаа. Тэмээ хавтгай тавагтай болохоор өвс ногоо сэндийлдэггүй, үндэс мөчрийг ухдаггүй байгальд ээлтэй амьтан. Бойжуулсан ботго бүрт олгох нийт 25 сая 595 мянган төгрөгийг Мал хамгаалах санд төвлөрүүлж энэ сарын 15-наас эхлэн малчдад олгохоор боллоо. Нэгэн үе тоо толгой нь цөөрөөд байсан говийн улаан тэмээг өсгөж үржүүлэхэд санаачилга гаргаж чухал захирамж гаргасанд малчид ихэд таатай байгаа аж.