
Монголын сүмочид Японд дахиад факталсан гэнэ. Их аварга маань халамцуу байхдаа рестораны зөөгчид монгол эрийн нударганы амтыг үзүүлснээсээ болж нэг башёд оролцох эрхээ хасуулж байсан нь саяхан. Харин энэ удаад даваа наймаалцах буюу монгол бөхөөр бол найраа хийсэн гээд 14 сүмочийг Японы хуулийнхан шалгаж байгаа гэнэ. Сумогийн холбооны удирдлага нь үүнд ихээхэн хилэгнэж, ирэх сард Осакад болох байсан Хару башёг цуцлах шийдвэр гаргажээ. Сумогийн хэдэн зуун жилийн түүхэнд башё ингэж цуцлагдаж байгаагүй юм байх. Тэгсэн өнөөх 14 бөхийн тав нь, тэр тусмаа дээд зиндааны гурван сүмоч нэр холбогдсоны хоёр нь манай сүмочид байж таарчээ. Дээд зиндаанд дэвшин барилдаж байгаа манай арав гаруй бөхөөс Коорюү, Шотэнро нар тэдний дунд байна. Бас жюүрё зиндаанд зодоглож буй Чиёхакухо, Энацүкаса, ояката Такэнава нарыг байцааж байгаа гэнэ. Уг хэргийг шалгаж дуусах хугацаа болоогүй ч буруутайг нь нотлох хангалттай баримт байгаа учраас дээрх бөхчүүдийг хөөх нь бараг тодорхой болжээ. Бүр гүнзгийрвэл эрүүгийн хариуцлага ч хүлээлгэж болзошгүй байгаа аж. Ингээд зогсохгүй хэн сүмог сульдааж, хэзээнээс энэ бусармаг үйлдлийг сүмод эхлүүлснийг хүртэл нарийн шалгаж тогтоохоор сүржигнэж байгаа дуулдлаа. Ер нь манай анхдагчид тэдэнд хамгийн их хардлага төрүүлж байгаа сурагтай. Монгол бөхөд бол ийм жишиг аль дээр үеэс л байсан. Ах зах, нутаг хошуугаа хүндлэх үүднээс аманд очсон залуу бөхчүүд нь хөгшин аварга, арслангуудынхаа өмнө заавал сөхөрч юм уу өнхрөх байдалтайгаар өвдгөө шороо болгодог байсан. Үүнээс гажиж, зөрүүдлээд хол явахгүй. Бяр чадалтайгаараа гайхуулж, хэдэн өвгөнийг захаас нь гүйж очоод авч шидэж тэнэгтвэл тэр залуу бөх дээшээ цол горьдилтгүй. Одоо ч ийм л байгаа. Гэхдээ уламжлал талаас нь үүнийг илүү нарийн болгож, хөгжүүлсээр ирсэн. Харин ч соёлтой, боловсронгуй болсон гэхэд болно. Авч, өгөхөө тохироод, баруун, зүүнээрээ солилцсон бол гүйцээ. Мөнгөөр, эсвэл “Ланд”-аар даваа болон цол ахиулж болно. Яахав, монголчуудын ясны гэмээр энэ чанар л Японд газар авалгүй, хуулийнханд нь баригдаж л дээ. Маанаг зарим япон сүмоч нь азаартсан байх л даа. Тэгээд байдал бишдэнгүүт манай хэдийг матчихгүй юу, хүн муутай юмнууд. Манайд бол жил бүр долдугаар сарын 11, 12-нд бөхчүүд маань хоорондоо даваа, цолны ийм наймаа, арилжааг хоёр өдрийн турш чөлөөтэй хийсээр ирсэн. Үүнийгээ ч маш сайн нууцалж чаддаг. Үзэгч, бөх сонирхогчид ч таг чиг байхаа мэддэг. Үндэсний бөхийн холбооныхон хүртэл үүнийг нь харсан ч хараагүй юм шиг явж чаддаг, хоншоортой. Тэртэй тэргүй холбоонд ч санхүүжилт хэрэгтэй, тухайн бөхөд ч хэдэн бор юм хэрэгтэй болохоор өөр яах юм. Шулуухан хэлэхэд япончуудад байцаагдаж байгаа манай хэд сүмог хаяад л хүрээд ирмээр юм. Япончууд гэж сүржин юмнууд дахиад л өө сэв эрж байгаа биз, дийлэхгүй болохоороо…
Н.МӨНХТӨВШИН
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин