
30 настай Агата Кристи хад чулууг ч хуваах шийдэмгий байв. Эцэс төгсгөлгүй үргэлжлэх оньсого мэт учир битүүлэг хүн амины хэргийг бичиж, детектив зохиолын салбарт хатан хаан болон олны өмнө гарч ирсэн Агата Кристигийн тухай та нэг биш удаа сонсож байсан биз ээ. Детектив зохиолын хатан хаан маань 50 жилийн хугацаанд 80 орчим зохиолыг бичиж туурвижээ.Зохиол бүрт дүрслэгдсэн аймшигт аллагын хэргүүд өөр өөр байхаар барахгүй хирдхийн цочиж гайхмаар байв.Тиймээс ч хүмүүс түүний зан чанарыг юуны түрүүнд харгис хатуу байх хэмээн бодоход хүрнэ.
Гэтэл тэр эмэгтэй бодсоноос тэс өөр байсан агаад харин ч дөлгөөхөн дуу цөөтэй, бүрэг ичимхий нэгэн байжээ.Түүний дуртай зүйлээс харвал, хашааны цэцэрлэгээ тэгшлэн засах, гэр орноо гоёж чимэх туйлын дуртай нэгэн байв. Аз жаргалтай гэр бүлийг хүсэн мөрөөдөж байсан тэрээр хорин дөрвөн насандаа цэргийн онгоцны нисгэгч залуутай гэр бүл болсон байна. Тэгээд Дэлхийн нэгдүгээр дайн болох үед дайнд мордох болсон нөхрөө дагаж, улаан загалмайн сувилагчаар ажиллахаар болжээ. Нөхөртөө чин үнэнч хайртайдаа бас итгэдэг болохоор бууны сум мөндөр мэт асгарах дайны талбар луу зориглон явахаар сэтгэл шулуудсан нь энэ. Хэрэв тийм биш бол дайны талбар руу зорино гэдэг бэрх шүү дээ.
Тэр үеэс эхлэн сувилагчаар ажиллаж, бас энэ л үед хорт бодисны талаар мэдлэг хуримтлуулж эхлэв. Хожмын өдөр хорны талаарх түүний бүх талын өргөн мэдлэг нь илүү харгис хэрцгий аллагын төлөвлөгөөний гол үндэс суурь болж өгчээ. Хорны талаар мэдлэгтэй байснаас ч болсон уу нэг өдөр санаандгүй эгчтэйгээ юм ярьж суугаад, мөрийцөхөд хүрчээ. Гэмт хэрэгтнийг нь тааж мэдэх аргагүй, тийм детектив зохиол бичих боломжтой эсэх тухай мөрий тавьж, түүний дагуу бичигдсэн детектив зохиол нь "Хуучин байшин дахь үхэл" юм.
"Хуучин байшин дахь үхэл" зохиолоо барьж, нилээд хэдэн хэвлэлийн газрын хаалгыг татсан боловч нааштай хариу сонссонгүй. Ингээд гучин нас хүрсэн жилээ арай гэж зохиолоо хэвлүүлсэн бөгөөд зохиол нь хэвлэгдэж гармагцаа олны анхаарлыг татаж, түүний нэрийг дэлхийд таниулж эхэлжээ. Ингэж тэр детектив зохиолын ертөнцөд орж, түүний өөрийнх нь хэлсэнээр амьдрал нь тэгш шулуун зам руугаа чиглэж чадсан байна.
Гэтэл энэ байдал удаан үргэлжилсэнгүй амьдралыг нь донсолгосон бас нэгэн таагүй явдал, аюул нүүрлэн ирэв. Өмнөө тулж ирсэн хэцүү бэрх нөхцөлийг ухаалгаар даван гарч, түүгээр дамжуулан өөрийг нь хүлээж байсан амьдрал руу бүр лавтайяа орж, түүнтэй зэрэгцэн жинхэнэ сайхан хайртай учирчээ. Тэгвэл одоо цааш нь үргэлжлүүлэн, түүний амьдралын хуудаснаас сөхөн харцгаая.
Сайн ээж, сайн эхнэр байхыг мөрөөддөг байсан Агата Кристи нь нөхрийгөө дагаж, дайны талбарт гарч сувилагч болсоноор хорны талаар хэнээс ч илүүтэй арвин мэдлэг хуримтлуулжээ.
Гуч дөхсөн насандаа детектив зохиол бичиж эхэлсэн ба тэр л үеэсээ өөрийнх нь жинхэнэ амьдрал юу болохыг ухаарч эхэлсэн байна. Ингээд амьдралынхаа гол дүр нь болохын төлөө сувилагч байх үедээ олж мэдсэн хорт бодисны мэдлэгтээ тулгуурлан, детектив зохиолыг туурвижээ.
Гэвч энэ үе нь сайн сайхан, баяр хөөрөөс илүү их, сэтгэлийн шарх зовлон гунигийг үлдээв. Гучин зургаа хүрэх жил нь итгэж байсан нөхөр нь түүнээс урваж, гадуур хонох болов. Үүнээс болж тэрээр тамд унасан мэт цөхрөн шаналж байлаа. Өөр хүнтэй далдуур учрах болсон нөхрийнх нь энэ явдал, аз жаргалтай гэр бүлийг хүсэн мөрөөдөж байсан түүнд судалж байсан хорноос нь гүн тусаж, хүнд цохилт болжээ.
Нөхөр нь гадуур хоносноос хойш түүний амьдралд нэгэн жигтэй явдал болов. Нэгэн өдөр Агата Кристи маань гэнэт алга болжээ. Ул мөр, ор сураггүй алга болсон түүнийг хайхаар түүнийг бишрэн шүтэгчид болон цагдаа нарын нийлсэн 1500 орчим хүн эрэлд гарав. Тэгээд арван нэг хоногийн дараа хөдөөний нэгэн жижигхэн дэн буудлаас түүнийг олжээ. Гэхдээ хачирхалтай нь тэрээр буудалд байрлахдаа өөрийнхөө нэрийн оронд өөр хүний нэр бичиж орсон байв. Тэр нэр нь нөхрийнх нь нууцаар учирч уулздаг бүсгүйн нэр байжээ.
Тэр явдлыг хүмүүс янз бүрээр л ам уралдан ярьцгааж байв. Детектив зохиолын хатан хаан нөхрийнхөө завхайрлыг бүхэнд ил болгохын тулд зориудаар нарийн төлөвлөсөн өшөө авалт гэсэн яриа ч гарч байсан ба бас зарим хэсэг нь нөхрийнхөө амийг хорлох гэж байгаад бүтэлгүйтсэн гэх нэгэн ч байж.
Тэдний хэнийх нь үнэн болох нь хамаагүй, ямар ч л байсан түүний шаналал илэрхийлж хэлэх аргагүй хүнд байв. Нөхрийнх нь урвалт, хувийн амьдрал нь олны нүдэнд ил болсон нь, байдлыг улам хүндрүүлж, сэтгэл нь тавгүйтэж шаналж байлаа.
Ингээд үргэлжлүүлэх аргагүй болсон амьдралаа нэг тийш нь болгохоор шийджээ. Нөхрөөсөө салж, ганц бие эмэгтэй болон хоцорно гэдгээс айж байсан тэр, тууштай зоримог алхам хийв. Аймшигт нөхцөл рүү үсрэн орсон тэр мөчөөс эхлэн, өөрийг нь зовоож байсан айдас аль хэдийн алга болсныг мэдрэв. Тэгээд шинэ амьдрал нь өмнө нь нээгдэх нь тэр.
Гучаад насанд нь өөрт нь тулгаран ирсэн хүнд нөхцөлийг даван, өөрийг нь хүлээж байсан Детектив зохиолын салбартаа хатан хаан гэсэн шинэ амьдралтайгаа золголоо. Сэтгэл зүрхэндээ шарх олсон тэрээр жинхэнэ амьдралаа олж чадсан шалтгаан бол түүний зөв бөгөөд хатуу, тууштай шийдэл гаргах чадвар байсан юм.
Хэрвээ тэр шийдвэр гаргаж чадалгүй, нөхрийнхөө гадуур явдал болон эхнэр нөхөр хоёрын хоорондын итгэл эвдэрснээс үүдэн гарах асуудалд дэмий шаналж, өдөр хоногийг өнгөрөөж байсан бол мэдээж хэрэг, сэтгэл зүйн ялалт ялагдалыг дүрсэлсэн нарийн чанд детектив зохиолыг бичих сэтгэлийн тэр их хүч чадал гарахгүй байсан байх биз ээ.
Гучин найман насандаа Меспотамиа руу аялахаар замд гарав. Тэнд очоод санаандгүй шинэ хайртайгаа учирчээ. Тэр нь өөрөөс нь арван дөрвөн насаар дүү Merс Мелловин байсан юм.
Археологич мэргэжилтэй Merс Мелловин түүнд дурлаж, чин сэтгэлээсээ түүнийг хайрлав. Ингэж тэр гучин насныхаа төгсгөл үед жинхэнэ хайртайгаа учирчээ.
Хоёр дахь удаагаа гэрлэж, нөхрийнхөө туйлын халуун хайрын ачаар сэтгэл зүйн амар тайван байдлыг дахин олж авлаа. Үүнээс хойш түүний агуу авъяас чадвар дахин амилан сэргэж, өөрийг нь хүлээж байсан "Детектив зохиолын хатан хаан"-ы амьдрал нь цэцэглэж, олон олон зохиол бичиж туурвижээ.
Өөрт нь сэтгэлийн шарх үлдээсэн анхны гэрлэлтээсээ шулуухан салж зоримог алхсан нь түүнд шинэ амьдралыг олох боломжийг өгсөн юм.
Үүнээс харахад зөв шийдвэр чухал гэдэг нь мэдээж. Гэхдээ шийдвэр гэдэг зөвхөн гэрлэлттэй холбоотой яригдаж байгаа зүйл биш ээ.
Хүн амьдралынхаа хугацаанд маш олон эргэлзэж тээнэгэлзэх асуудлуудтай тулгардаг. Тэгээд одоо яах вэ? Гэсэн асуултыг өөртөө тавьж шаналдаг. Ийм чухал агшинд та өөртөө итгэлтэй байж, зөв шийдвэр гаргах юм гуч гараад ч жинхэнэ хүссэн амьдралаа олох болно.
Та үнэхээр амьдралын гол эзэн байж, сайхан амьдралыг олохыг хүсэж байвал өмнөө тулан ирсэн хэцүү асуудлыг өөрийн зоригоор шийдэн зохицуулах чадвартай байх хэрэгтэй.
Гашуун нулимсаа залгин байж, шуудхан салья гэж шийдэж байсан Агата Кристи нь шинэ хайртай учран, хүссэн жинхэнэ амьдралаа олж, хэнээс ч дутахгүй аз жаргалтай амьдарч байлаа.
Хайрт нөхөр Мелловин нь өөрийнхөө судалгааны ажлын үр дүн болох "Нимрод ба эртний дурсгал" бүтээлээ эхнэртээ зориулан гаргажээ. Агата Кристи ч өөрийнхөө туулсан амьдралын түүх намтараа бичихдээ нөхрийнхөө өөрт нь зориулсан сайхан хайрын тухай олонтаа өгүүлсэн байдаг.
Түүний тавин нэг дэхь зохиол "Хулганы хавх" нь жаран хоёр настайд нь жүжгийн тайзан дээр тавигдсан байна. Түүнээс хойш нэг өдөр ч алгасалгүй одоо хүртэл тоглогдож буй жүжиг нь хамгийн урт хугацаанд тоглогдсон жүжгээр шалгарч Гиннесийн номд тэмдэглэгджээ.
Тэрээр далан долоон насандаа Английн детектив зохиолчдын холбооны анхны эмэгтэй даргаар сонгогдов. Наян нэгэн насандаа өөрийг нь бишрэн шүтэгчдийн нэг Английн хатан хаанаас, гавъяа байгуулсан эмэгтэйчүүдэд олгодог, хүндэт өргөмжлөл (Dame)-ийг гардан авчээ.
Наян таван насандаа "Хөшиг" хэмээх сүүлийн бүтээлийг хэвлэн гаргаж, дэлхий дахинд том сенсаци үүсгэв. Нас дээр гарсан хөгшин зохиолч шинэ бүтээл гаргасан нь олны гайхлыг төрүүлээд зогсохгүй бас энэ удаагийн зохиолдоо мөрдөгч Эрикюл Поварыг нас барж байгаагаар өгүүлжээ.
Тэр үеийн "Нью-Йорк таймс" сонины нэгдүгээр нүүрэнд "Алдарт Эрикюл Повар өөд болжээ" гэсэн гарчигтай өгүүлэл нийтлэгдсэн байна. Зохиолын баатарын үхэлийг бодит хэн нэгнийх мэтээр тод томруун бичсэн нь түүний зохиол дэлхий дахинд хичнээн нэрд гарсныг бэлээхэн харуулсан жишээ болжээ.
Ингэж тэр зоримог шийдэл гаргасныхаа үр дүнд сэтгэл зүйн хувьд дахин амар тайван байдлаа олж, өөрөө ч таньж мэдээгүй байсан суу билэг авъяасаа хорвоод таниулж, өөрийн жинхэнэ амьдралаар амьдрах болсон юм.
Хэрвээ та ямар нэг шийдвэрлэхэд бэрх асуудалтай тулгараад байгаа бол тэр асуудлаа аль болох бодит талаас нь дахин нэг нягтлан харахыг хичээгээрэй.
Яг одоо энэ агшинд та өмнөх асуудлаасаа зайлсхиймээр хэцүү санагдсан ч, хожмын өдрийн жинхэнэ амьдралаа бодож, зоригтойгоор шийдвэрлээрэй. Агата Кристи ч гэсэн гэр бүл салалт гэсэн хүнд асуудлаасаа зайлсхиймээр байсан ч, салахаар шийдэх нь агшин зуурын сонголт боловч, сэтгэлийг нь амрааж, жинхэнэ амьдралаа төлөвлөхөд чухал алхам болно гэдэгт итгэлтэй байсан юм.
Таныг зовоож байгаа асуудал байвал айж эмээлгүй, шийдвэр гаргаарай. Айж түгших гэдэг нь шийдвэр гаргахын өмнө оршсоор байх боловч, таныг шийдвэр гарган, зоримог алхах яг тэр үед өмнө чинь байсан айдас манан будан шиг арилах вий. Та ч гэсэн Агата Кристи шиг хүссэн амьдралаа олж, олон зүйлийг бүтээж туурвиж, алдрын зэрэгт хүрч яваасай гэж хүсэж байна.
Н.Наран