Тус нам, холбоод хамтран хамтран 2011 оны гуравдугаар сарын 1-нд Ард түмний их хуралдайг зарлан хуралдуулах болсноо мэдэгдлээ. Ард түмний хуралдайд оролцох иргэн нь сум, аймаг, дүүргийнхээ хороодоос сонгогдон, ирнэ. Ингэхдээ олон нийтийн санал асуулгааг сонгогдсон иргэн байх бөгөөд тэд бүгдээрээ нийлж, ард түмний дуу хоолойг эрх баригчдад хүргэх гүүр нь болох гэнэ.
Тиймээс өнөөдрөөс эхлэн Ард түмний их хуралдай байгууллага байгуулагдаж буй ажээ. Үндэсний шинэ намын дарга Ц.Цолмон хэлэхдээ “Хэдийгээр Монгол Улс 20 жилийн өмнө үндэсний хувьсгалыг эхлүүлсэн ч тэр нь ардчилсан хувьсгал болж өрнөсөн. Гэвч 20 жилийн хугацаанд ард түмний тал хувь нь ядуурч, цөөн тооны хүмүүс л баяжлаа. Баяжигсад төрийн өндөр албанд очуутаа төрийн эрх мэдлийг наймаалдаг, ард түмнээ, газар шороогоо наймаалдаг болж хувирч байна. Гадныхныг хэт шүтдэг ийм тогтолцоог өөрчлөх цаг нь болсон. Энэ бол Монгол Улсын улс төрийн тогтолцоо болохгүй байгааг харуулж буй явдал. Ахмад настнаас эхлээд, залуучууд, улс төрийн олон нам “Улстөрийн одоогийн тогтолцоо болохгүй байна” гэдгийг хүлээн зөвшөөрч, ярьдаг. Тэгсэн хэрнээ өөрчлөх оролдогыг хийхгүй байна. Тиймээс одооноос эхлэн Ард түмний их хуралдайг байгуулж, хуралдуулах цаг болсон гэж бид үзсэн. Ард түмний хуралдайг улстөрийнхөө тогтолцоог өөрчилж, хувь хүний эрх ашиг, үндэсний эрх ашгийг тэргүүнд тавьдаг болтол хуралдуулна” гэлээ.
Ард түмний холбооны ерөнхий зохицуулагч Г.Уянга “Манай холбоо 2009 оны арваннэгдүгээр сард байгуулагдаж, төр засгийн удирдлагуудад амлалтаа биелүүлэхийг шаардан тэмцэл хийсэн. Тодорхой цаг хугацаа ч өгч үзсэн. Харамсалтай нь, өнөөдрийг хүртэл эрх баригчид амлалтаа биелүүлэхийн төлөө ажиллахгүй, аар саар зүйлээр аргалж ирлээ. Одоо монголчууд өөрсөддөө л итгэх цаг болсон. Анх Ардчилсан нам нэг сая төгрөг амлахад, наад мөнгийг чинь өгч чадахгүй, тийм хэмжээний хөрөнгө Монголд алга гэж хэлж байсан хүн нь маргааш өдөр нь “Манай нам 1.5 сая төгрөг амлаж байна” гэсэн. Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч би 2.5 сая төгрөгийг өгүүлнэ, амласнаа биелүүлнэ гэж хэлж байлаа. Тэр бүх амлалт өнөөдөр биелээгүй байна. Амлалт хэрэгждэг байх ёстой. Бид шаардлагаа тавина, биелүүлэхийн төлөө тууштай үйл ажиллагаа явуулах болно” гэлээ.