Уурхайчныхаа аминд хүрсэн хар мөрөөр

Хуучирсан мэдээ: 2010.09.20-нд нийтлэгдсэн

Уурхайчныхаа аминд хүрсэн хар мөрөөр

“Монгол­росц­вет­мет” ХХК-ийн харьяа  Уулын баяжуулах “Бор-Өндөр” үйлдвэрт осол гарч эрдэнэт хүний алтан амь үрэгдсэн талаар манай сонин өмнөх дугааруудад хүргэж байсан билээ. Харин уур­хайн ослыг газар дээрээс нь сурвалжлахаар манай со­ни­ны сурвалжлах хэсэг Хэнтий аймгийн Дархан сумын Бор-Өндөр тосгоныг зорьж сурвалжиллаа. Замдаа Бор-Өндөр уурхайд ажилладаг байсан эмэгтэйтэй танилцсан юм. Түүнээс уурхайн ослын талаар сонссон эсэхийг нь асуухад “Осол болсон гэж сонссон. Талийгаач эхнэр, хоёр хүүхдийн хамт амьдардаг байсан” хэмээв. Мөн талийгаачийн гэрийн хаягыг түүгээр заалгаж авлаа. Бид зорьсон газраа баасан гарагийн оройн 22:00 цагийн үед очсон юм. Өглөө 09:00 цагийн үед талийгаачийн гэрийг заалган очлоо. Бор-Өндөр тосгоны төвд байрлах таван давхар угсармал байрны дөрөв дэх давхарт гарч, хаалгыг тогшлоо. Хаалганы цаанаас бяцхан охин “Хэн бэ” гэв. Ээж нь байгаа эсэхийг асуухад “Дэлгүүр явсан. Удахгүй орж ирэх байх” гэлээ. Бид орцонд талийгаачийн гэргийг хүлээн зогслоо. Хэсэг хугацааны дараа охинтойгоо яваа бололтой нэг эмэгтэй доод давхраас гарч ирэв. Бидний хүлээж байсан,  талийгаачийн гэр­гий том охинтойгоо ирсэн нь энэ байлаа. Өөрсдийгөө танилцуулахад биднийг гайхсан нүдээр харан гэртээ орохыг зөвшөөрсөн юм.

Гал тогооны өрөөнд цай уун хүлээж байх зуур талийгаачийн гэргий том өрөөндөө хэн нэгэнтэй утсаар ярилцаж байв. Дараа нь биднийг том өрөөндөө орууллаа. Тэднийх нэг өрөө байранд амьдардаг аж. Том өрөөний баруун дээд буланд байх жижиг шилэн ширээн дээр талийгаачийн зургийг хадгаар ороон өмнө нь зул асаажээ. Энэ өрөөнд ганц хуучны орос буйдан, өндөр бор ширээ, хөлдөөгч, хуучны зурагтаас өөр тавилга байсангүй. Том өрөө нэртэй болохоос биш жижгэвтэр өрөө байсан. Гал тогоонд нь “Лисва” плитка, цагаан жижиг ширээ, хоолны болон, ханын шүүгээ байлаа. Том өрөөнд биднийг ороход талийгаачийн гэргий, хоёр охин мөн хамаатных нь эмэгтэй нялх хүүхэдтэйгээ байсан юм. Хэсэг чимээгүй суулаа. Бид уурхайн ослын талаар газар дээрээс нь сурвалжлахаар ирснээ дахин хэлэхэд талийгаачийн гэргий /биднээс гэр бүлийнхнийхээ нэрийг нууцлахыг хүссэн юм. Тиймээс эхнэр хэмээн бичье/ “Үнэндээ яах учраа олохгүй байна. Юу гэж ч ярихаа мэдэхгүй нь” хэмээн ханийнхаа зураг руу харан уйлав. Ээжийгээ дагаад охидууд уйллаа. Сэтгэл өвдөм, хагацал гунигийг түүнээр яриулна гэдэг сурвалжлагч бидний хувьд ч хэцүү байсан юм. Эхнэр нь нэлээд хэдэн минут чимээгүй суусны эцэст болсон явдал, ослын талаар ярихаар шийдлээ. Гэхдээ энэ үед ханийнхаа үй зайгүй хоёр найзынх нь эхнэрийг дуудсан байв. Тэд арван жилээсээ найзалж яваа гэр бүлийн найзууд аж. Энэ үеэр талийгаач хоёр найз нь ажилтай байсан учир Бор-Өндөрт байгаагүй юм. Эхнэр нь өөрийгөө дуу цөөтэй олигтой юм ярьж чадахгүй болохоор найзуудаа дуудлаа хэмээв. Мөн талийгаачийн төрсөн дүү ирсэн байлаа. Ингээд тэд уурхайн ослын талаар ярилаа.

ЦАГ АЛДАЖ МЭДСЭНДЭЭ ГОМДОЛТОЙ БАЙНА

Талийгаач  өнгөрсөн са­рын 30-ны өдрийн 23:00 цагийн үед гэрээсээ гараад эргэж ирсэнгүй. Тэрээр шөнийн 23:00 цагаас өглөөний 07:00 цаг хүртэл уурхайн 200 метрийн гүнд ажиллах ёстой байжээ. Ажиллахаасаа өмнө уурхайчид наряд /уурхайн гүнд хийх ажлын даалгавар/-тайгаа танилцан гарын үсгээ зурдаг аж. Харин уурхайчдын орж ажиллах нөхцөл, аюулгүй байдлыг нь хангасан байдаг байна. Талийгаач уурхайд ахлах өрөмдөгч бөгөөд ажлын тавдугаар зэрэгтэй.  
 
  Тиймээс талийгаач уурхайн ажлын хувьд асар туршлагатай нэгэн байжээ. Осол болохын өмнөх өдөр тэнд тэсэлгээ хийсэн байна. Тэсэлгээ уурхайд байнга хийх ёстой энгийн ажил аж. Харин тэсэлгээ хийсний дараа уурхайн аврах анги сул шороог унагаан, хорт хийг тусгай багажаар хэмжиж, шалгасны дараа аюулгүй гэж үзсэн тохиолдолд уурхайчдыг оруулдаг байна. Үүний дагуу осол гарахын өмнө аврах анги бүх зүйлийг шалгаж, “хэвийн” хэмээн мэдээлжээ. Ингэж мэдээлсэн учир талийгаач нарядаа аван уурхайн гүн рүү нэг уурхайчинтай цуг орсон аж. Тэд ажлаа дуусаад өөрсдийнхөө дээрээс унах зүйл байгаа эсэхийг барьж яваа лоомоор цохиж үзсэн байна. Бараг гарах гэж байтал талийгаач цуг явсан уурхайчинаасаа үүд, хойморийн зайтай холдон тос маслоо авахаар явсан байна. Цуг явсан уурхайчин нь “Гэв гэнэт их шороо боссон. Би шууд л зугтсан” гэж хэлсэн аж. Осол үүрийн 04:50 цагийн үед болжээ. Цуг явсан уурхайчин гарч ирэн жижүүртээ мэдэгдсэн байна. Уурхайд юу болов, хэн хариуцлага алдав зэрэг бүхий л үйл явдлыг хамгийн түрүүнд мэдэх ёстой хүн бол тэр өдрийн жижүүр юм.  Жижүүр цааш нь аврах ангийг дуудан уурхайн удирдлага болон ар гэрийнхэнд нь мэдээлэх үүрэгтэй. Уурхайн дэргэд байх аврах анги долоон минутын дараа иржээ. Харин Бор-Өндөр тосгоны цагдаагийн хэлтэс, прокурорын газарт 05:00 цаг өнгөрч дуудлага ирсэн байна. Уурхайд 50 тонн шороо нурсан аж. Дан шороо бус хатуулаг чулуу, жонш нуран унажээ. Талийгаачийн эхнэрийн хэлж буйгаар “Маш хүчтэй, том гэгчийн хана л нуран унасан юм шиг байна лээ” хэмээв. Талийгаачийг 06:30 цагийн үед уурхайгаас гаргасан бөгөөд тэр үед хэдийнэ амьсгал хураасан байжээ. Уурхайн тэр их шороог зөөхийн тулд аврах ангиас нэмэлт хүч дуудан ажилласны эцэст л цаг гаруйн дараа ухаж гаргасан аж. Харин энэ үед түүний гэр бүл, найз нөхөд уурхайд юу болж байгааг мэдээ ч үгүй байсан нь хачирхалтай. Талийгаачийн эхнэр тус уурхайн дулааны цахилгаан станцад ажилладаг. Түүнийг өглөө ажилдаа ирж байхад нь хажуугаар нь аврах ангийн машин дохиогоо хангинуулан зөрсөн байна. Тухайн үед “юу болсон юм бол доо” хэмээн бодоод л өнгөрчээ. Жирийн өдрүүдийн адил тэрбээр ажилдаа ирэн хувцасаа өмсч байв. Ажилдаа гарахад бэлэн болоод байж байтал түүнийг дарга нь өрөөндөө дууджээ. Гэтэл түүнд хэний ч сонсохыг хүсэхгүй тийм аймшигтай мэдээ дуулгав. Харин эхнэр нь итгэхийг ч хүссэнгүй. Арай үгүй байх аа, ийм юм болох ёсгүй гэхээс өөр хэлэх зүйл ч байгаагүй аж. Дарга нь эхнэрийг нь цуг ажилладаг найзтайгаа цуг эмнэлэг яв хэмээв. Энэ үед цаг өглөөний 08:20 болж байлаа. Гэтэл эхнэрээс нь өмнө түүний гэр бүлийн найзууд ослын талаар мэджээ. Тэд уурхайд осол гарсан гэнэ, Талийгаач Х-г байж магадгүй юм шиг байна гэх таамаг мэдээгээр утас цохижээ. Юун түрүүнд уурхайн бүх үйл ажиллагааг мэдэх үүрэгтэй  диспитчер рүү залгав. Харин тэдний өөдөөс “Уурхайд юу болсон юм, би мэдэхгүй байна” хэмээн хэнэгч үгүй хариулсан аж. Таамаг төдий мэдээлэлтэй, уймарсан найзууд нь бүр ч гайхаж орхижээ. Өөр хэдэн тийш утас цохисны эцэст эмнэлэг рүү явсан байна. Уурхайд осол гарсан нь үнэн, тэр тусмаа хайрт хань, аав, найз нөхөд нь эндсэнийг мэдлээ. Осол болсон явдлыг гэр бүл, найз нөхөд нь бараг өөрсдөө хайж байж олж мэдсэн нь юуны учир вэ. Тэд үүнд л гомдлын нулимс унагаж сууна. Үүрийн 04:50 цагт болсон ослыг эхнэр нь 08:20 цагт мэднэ гэдэг байж болох хэрэг үү. Юу ч мэдээгүй ажилдаа очсон эхнэр нь нөхрөө  осолдчихоод байгааг ч мэдээгүй тэнэг хүн шиг явж байсандаа өөрийгөө одоо ч буруутгаж байна. Осол болсон тэр үед тодруулбал газар дээр нь очих ёстой байсан хэмээн харамсахын дээдээр харамсч сууна. Талийгаачийн эхнэр “Яагаад осол боллоо гэдгийг надад гурван цагийн дараа дуулгаж байгаа юм бэ. Утас, техник технологи хөгжсөн энэ үед утсаар ч атугай дуулгачихаж болоогүй юм уу. Бид хайртай ханиа харах байсан юм” хэмээн харуусал, харамсал бүхнээ гашуун нулимсаараа гаргаж байна.

Талийгаачийн гэрт орох тэр үед л сэтгүүлч надад хөндий хоосон орон зай мэдрэгдсэн юм. Түүний том охин одоо дээд сургуулийн хоёрдугаар курст сурдаг, бага охин нь тавдугаар анги. Бага охин нь яг л аав. Манай аав цагаан том жийптэй болно гэдэг байсан аавынхаа хүслийг биелүүлнэ хэмээн ярих бага охины нүдэнд хагацлын бараан сүүдэр тусчээ. Харин том охин нь их хэрсүү. “Намайг сургуулиа заавал төгсөх ёстой гэж аав маань захидаг байсан. Захиасыг нь би заавал биелүүлнэ” хэмээн ээжээсээ ч хатуужилтай гэмээр өгүүлнэ. Талийгаачийн эхнэр “Сард 250 мянга гаруй төгрөгийн цалин авдаг. Одоо оюутан охинтой. Бид гурав яаж амьдралаа залгуулдаг юм бүү мэд. Яах ч учраа олохгүй нь. Миний хань амьдралын хүнд ачааг нуруун дээрээ үүрдэг байсан. Их төлөв даруу, нийтэч, хамт олонсог хүн байсан юм” хэмээж байлаа.

Уурхайн удирдлагууд болох уурхайн нэгдүгээр орлогч дарга Д.Баярсайхан, “Монголросцветмет” ХХК-ийн ахлах хуульч зэрэг хүмүүс талийгаачийн ар гэрийнхэнтэй энэ сарын 3-ны өдөр уулзсан байна. Энэ үед тэдэнд уурхайн осол үйлдвэрийн осол байсан. Үйлдвэрийн буруугаас болсон осол. Талийгаачид буруу байхгүй тухай хэлжээ.

ГЭР БҮЛ, НАЙЗ НӨХДИЙН ХАРДАЛТ

Тэдэнд уурхайн ослын талаар хардаж буй олон зүйл бий. Осол болсноос гурван цагийн дараа ар гэрт нь дуулгаж буй нь тэдний хувьд хардалт үүсгэж байгаа аж. Учир нь хэдэн цагийн дараа дуулгасан нь аврах анги цагтаа очсон уу гэдэг эргэлзээг бий болгож байгаа юм. Мөн уурхайд болох бүх үйл явдлыг мэдэж байх ёстой диспитчер тухайн үед найзуудыг нь утасдахад “юу ч мэдэхгүй” гэх хариулт өгсөн нь бас сонин. Тэднийг ингэж төөрөгдүүлж байх зуур цаг алдсан байж болзошгүй гэх хардлага байна. Мөн хамгийн хачирхалтай тухайн орд ямар ч бэхэлгээгүй байсан хэмээн найз нөхөд нь хэллээ. Уурхай тэр аяараа модон бэхэлгээтэй байх ёстой. Гэтэл зөвхөн тэр хэсэг ямар ч бэхэлгээгүй байсан аж. Ар гэрийнхэн нь заавал хүний амь авч байж уурхайн ам хаах ёстой байсан юм уу хэмээж байна.

Ийм бэхэлгээгүй уурхайд хэн ч ажиллах ёсгүй. Тэр ч бүү хэл орох ч эрхгүй. Гэтэл уурхайд оржээ. Бүр ажилласан байна. Харин орж ажиллах үүргийг шунаг сэтгэлтэй дарга нар өгсөн хэмээн найз нөхөд нь ярилаа.

ХӨДӨЛМӨР ХАМГААЛАЛ ХАМГИЙН МУУ

Уурхайн 200 метрийн гүнд ажиллахаар ажилдаа гарч байсан уурхайчидтай хэсэгхэн хором ярилцсан юм. Тэдний хэлснээр “Уурхайн хөдөлмөр хамгаалал муу байдаг аж. Бакал гутал л гэхэд нэг жилийн хугацаатай, куртик хоёр жилийн хугацаатай, өмд, цамц нь зургаан сар, бээлий нэг сарын хугацаатай байдаг юм байна. Гэтэл энэ нь хугацаанаасаа өмнө урагддаг гэнэ. Мөн уурхайчид хортой нөхцөлд ажилладаг тул хор тайлах сүү өгөх ёстой. Харин одоо сүү ч өгөхөө байжээ. Хоолны талон өгдөг боловч түүгээр нь бараг хоол идэж чаддагүй” хэмээж байлаа. Цалин хөлсний тухайд тэд дунджаар 500 мянган төгрөг авдаг аж. Харин фабрикийн цахилгаанчдын хувьд “Бидний цалин 300 гаруй мянган төгрөг байдаг. Хөдөлмөр хамгаалал үнэндээ муу гэхэд болно. Цаанаас өгсөн хувцас нь дороо л урагддаг. Тэгээд өөрсдөө хот орж хувцас авдаг. Бид уурхайг гэрлээр хангах ёстой. Гэтэл шинээр гэрэл тавих гэхээр “гэрэл байхгүй” гээд өгдөггүй. Заримдаа хүмүүс харанхуйд ажлаа хийж байгаад гар, хөлөө авах тохиолдол их гардаг” хэмээлээ. Ерөнхийдөө уурхайн ажилчдын хөдөлмөр хамгаалал ямар байгааг тэдний ярианаас харсан байх.

ЭРҮҮГИЙН ХЭРЭГ ҮҮСГЭЖЭЭ

Уурхайд осол гарсны дараа ослын шалтгааныг тогтоон, ослын акт гаргах ёстой аж. Үүний дагуу Бор-Өндөр тосгоны МХГ, прокурортой хамтран ослын акт гарган үйлдвэрийн осол байсан хэмээжээ. Ослын актыг дөрвөн хувь үйлддэг аж. Нэг хувийг нь шүүх, цагдаагийн байгууллагад, ар гэрнийхэнд нь нэг хувь, нийгмийн даатгалын газарт нэг хувь, МХГ-т нэг хувь байх ёстой юм байна. Бор-Өндөр тосгоны цагдаагийн хэлтсийн ахлах мөрдөн байцаагч Д.Цэнд-Аюуш “Ослын акт ирсний дагуу бид эрүүгийн хэрэг үүсгэн шалгана. Энэ осол чухам хэний буруугаас болсон гэдгийг тогтооно. Одоо хэргийг шалгаж байна. Тиймээс тодорхой мэдээлэл өгөх боломжгүй” гэв.
 
Харин МХГ-ын Хөдөлмөр хяналтын улсын байцаагч Э.Цэцэгдэлгэр “Уулын ажлыг явуулах үед хийсэн их тэсэлгээний дараа штрекний хана болон таазны хэсэгт цууралт, ан цав үүсч өмнө нь тус уурхайн түүхэнд байгаагүй осол гарсан. Энэ нуралтыг энгийн нүдээр харах боломжгүй байсан. Осол ер нь хариуцлагагүй үйлдлээс болсон” хэмээв.     

УУРХАЙН УДИРДЛАГУУД БУРУУГАА ХҮЛЭЭВ

Далд уурхай гэдэг хаа сайгүй овоолсон шороо үзэгдээд байдаг газар биш аж. Үйлдвэрийн нүсэр барилгууд, том хашаа харагдаж, дуу чимээ нь алсаас сонсогдоно. Энэ томоохон үйлдвэрт 1500 хүн ажиллаж, үйлдвэрээс хамааралтай 10 мянган хүн тосгонд амьдарч байна. Баяжуулах үйлдвэр нь Бор-Өндөр тосгоноос 20 хүрэхгүй минутын зайд байрлах аж. Тосгоноос үйлдвэр хүртэл хар зам тавьж хэрэндээ тохижуулжээ. Орох хашааны үүдэнд биеийн байцаалт шалгах формтой хоёр залуу суух аж. Үйлдвэрийн даргатай уулзахаар ирснээ хэлэхэд дотогш орууллаа. Амралтын өдөр учраас ажилчид тийм  ч олноороо харагдсангүй. Харагдах нэг нь элэгдэж муудсан гутал, нойтон шороо шавар шавхай болсон хувцас хэрэглэлтэй байх аж. Газар доор шороон дунд ажиллаж байгаа болохоор арга ч үгүй биз. Ямар ч байсан энд тэндхийн сурталчилгааны самбар, бүтээн байгуулалт нэрэн доор телевизийн рекламаар харагдах уурхайчид шиг гялалзсан малгай, шинэ хувцастай инээмсэглэл тодруулсан эрчүүд байсангүй. Хашаагаар орж 200 метр алхахад баяжуулах үйлдвэрийн удирдах байрны үүдэнд ирэв. Дээхнэ үеийн формат, өнгөөр “Монгол Оросын хамтарсан “Монголросцветмет” ХХК-ийн уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэр” хэмээн цагаан самбарт Орос, Монголоор дурайлгажээ. Ажилчдын зааж өгснөөр удирдах газрын байранд очлоо. Харваас  шинээр барьсан эсвэл саяхан засвар хийсэн бололтой таван давхар хүрэн барилга байлаа. Бид уурхайн даргатай урьдчилан цаг тохирсон тул өрөөндөө хэдэн мэргэжилтнүүдийн хамт хүлээж байв. Үйлдвэрийн дарга Б.Бадамдорж ерөнхий инженер, хуульч зэрэг гарын доорх хүмүүсээ цуглуулан нээлттэй тайлбар хийж эхэлсэн юм. Өрөөн доторх хүмүүсийг 15 жил, 25 жил уурхайд ажилласан хэмээн танилцуулах боловч хот газраас ирсэн номын дүртэй, цагаан залуус харагдана. Бидний ярилцлага эхнээсээ талийгаачийн талаарх асуулт хариултаар эхэлсэн ч хүлээн авч уулзагсад маань уул уурхай гэж юу болох талаар сургаал айлдаж, дааж давшгүй хүчин зүйл хэмээх яриа руу хазайж эхэлсэн юм. Талийгаачийн эцэг н.Ганхуяг гэж “Монголросцветмет”-ээс төрсөн Хөдөлмөрийн баатар хүн байдаг аж. Тиймээс ганц баатрынхаа хүүг бид ажилд авалгүй яахав хэмээн Б.Бадамдорж дарга ярина. Талийгаач ажлаасаа хоёр удаа гарч, орон таван жил есөн сар ажилласан байна. Түүний тайлбараар энэ төрлийн осол урьд хожид болж байгаагүй аж. Гэхдээ  ослын талаар, хэн буруутай эсэхийг лавлахад, “Тодорхой хэлбэл 4 цаг 50 минутад осол болсон. Талийгаачтай хамт ээлжинд гарч байсан уурхайчин юу болсоныг ээлжийн мастертаа яаралтай хэлсэн. Харин ослын шалтгаан тэсэлгээнээс болоогүй. Тэсэлгээг бид өдөрт хоёр удаа хийдэг. Харин тэр өдрийн тэсэлгээг бид талийгаачийн өмнөх ээлжинд хийсэн. Өдөрт найм, найман цагаар ажилладаг гурван ээлж бий. Тиймээс тэсэлгээнээс болоогүй. Уурхайчдыг ажилд оруулахаас өмнө хана, таазыг аюулгүй эсэхийг шалгадаг. Тэр шалгалтыг ч хийсэн. Гэхдээ талийгаачид бид ямар ч буруу өгөхгүй байгаа. Яг л хөдөлмөр хамгаалалтын зааварчилгаагаа аваад ажилдаа гарсан хүн юм чинь. Хийх ёстой ажлаа л хийж байсан болохоор тэр. “хэмээн ярьж байна. Тэгэхээр энэ бүхний эцэст уг ослын шалтгаан цэвэр хариуцлага сахилгын асуудал болж таарах нь. Тэсэлгээний дараах шалгалтаар ямар ч асуудал байгаагүй ч таазанд хоёроос гурван метрийн цаана цууралт үүссэнээс энэ осол болсон хэмээн тайлбарлаж байна. Ослын акт дээр ч ингэж бичсэн аж. Тиймээс дээрх шиг цууралтыг харж чадаагүй аж. Харах бололцоо ч хэцүү байдаг гэнэ. Гэхдээ харах боломжгүй гэсэн ч хүний амь насны тухай яригдах зүйл дээр хариуцлага байх ёстой.  Хэн нэгэн хүлээх ёстой. Тиймээс хариуцлага алдсан гэсэн үндэслэлээр долоон хүнийг ажил үүргээс нь чөлөөлж, хоёр хүний цалинг тодорхой хугацаанд хасч олгох арга хэмжээг авчээ. Тэр хүмүүс дотор тухайн үед гарч байсан ээлжийн мастер Б.Эрдэнэбаяр, цехийн ерөнхий инженер А.В.Югов, цехийн дарга Ц.Түмэнбаяр нарын хүмүүс мөн үйлдвэр эрхэлсэн нэгдүгээр орлогч дарга Д.Баярсайхан  нарыг ажлаас нь халжээ. Хэрвээ тухайн үед үйлдвэрийн дарга Б.Бадамдорж ээлжийн амралтаа аваагүй байсан бол мөн л энэ хариуцлагаас тойрох аргагүй байсан гэнэ. Гэхдээ Бор-Өндөрийн иргэдийн зүгээс дарга нар халагдсан ч өөр местенд оччихдог гэсэн дурамжхан яриа мэр сэр сонсогдож байсан юм.

Ц.ЭНХЦЭЦЭГ, Т.ЕСӨН-ЭРДЭНЭ

Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж