Aragon MotoGP-д Стонер түрүүлэв

Хуучирсан мэдээ: 2010.09.20-нд нийтлэгдсэн

Aragon MotoGP-д Стонер түрүүлэв

Испанийн хот улсуудын нэг Арагон дахь Моторланд Арагон тойрог зам дээр өчигдөр MotoGP-гийн энэ улирлын 13 дахь гараа болж өнгөрлөө. Шинэ баригдсан зам дээр Австралийн нисгэгч Кейси Стонер байрлал тогтоох гараанд түрүүлснээр уралдааныг тэргүүн эгнээнээс эхлүүлж, уралдааны туршид тэргүүллээ хадгалсаар улирлын анхны түрүүгээ авсан юм. Энэ ялалт Стонерийн төдийгүй Ducati-гийн хувьд ч улирлын анхны түрүү байлаа.

Стонерээс таван секунд хоцорч, Honda багийн Дэни Педроза удаалсан юм. Харин гуравдугаарт Ducati-гийн нисгэгч Америкийн Ники Хайден бариалжээ. Тэрбээр уралдааны хамгийн сүүлийн тойрогт дэлхийн аваргыг ерөнхий дүнгээр тэргүүлэгч Хорхе Лорензог гүйцэж, түрүүлснээр шагналын тавцанд гарсан байна.

Дараалан 14 уралдаанд шагналын тавцанд гараад байгаа Лорензо хэдийгээр өчигдрийн гараанд эхний гуравт багтаагүй боловч улирал дуусахад таван гараа үлдээд буй энэ үед ерөнхий дүнгээр тэргүүлсэн хэвээр байна. Лорензо нийт 284 оноотой манлайлж байгаа бол түүнээс 56 оноогоор хоцорч Педроза, харин гуравдугаарт 155 оноотой Стонер жагсч байгаа юм.

MotoGP-гийн дэлхийн зургаан удаагийн аварга Валетино Россигийн тухайд өчигдрийн Арагоны уралдаанд зургадугаарт бариалсан бөгөөд өдгөө ерөнхий дүнгээр 140 оноотой дөрөвдүгээр эрэмбэлэгдээд байна.

Уралдааны дараа ялагч Стонер өнгөрсөн аравдугаар сард болсон Малайзын гран-пригээс хойш анхны ялалтаа авсандаа баяртай байгаагаа илэрхийлжээ. Тэрбээр “Сүүлчийн ялалтаас хойш удаан хугацаа өнгөрчээ. Гэхдээ энэ удаад бид гараагаа амжилттай хийж, ялалт байгуулж чадлаа” гэсэн байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж