
-Сар шинэдээ сайхан шинэлж байна уу? Өнөөдрийн өргөн золголтын талаар сэтгэгдлээсээ хуваалцаач?
-Туулай жил маань өнгөтэй өөдтэй сайхан жил гарч байна. Миний хувьд өнгөрсөн бар жил ч гэсэн сайхан өнгөрлөө. Жил болгон театрын бурхад болсон ахмадуудтайгаа энэ алтан тайзнаа учран золгодог. Би энэ жилийн золголтын зохион байгуулах багт орж ажиллаж байгаа.
-Энэ жилийн цагаан сарын гоёлоо хаана хийлгэсэн бэ?
-Энэ жилийнхээ гоёлыг хувиараа дээл оёдог Ганаа гээд таньдаг эгчээрээ оёулсан. Эхнэртэйгээ ижил малгай, дээлээр гоёлоо.
-Залуу хүний хувьд цагаан сарын баярын талаар ямар сэтгэгдэлтэй байдаг вэ?
-Цагаан сар гэдэг маань хамгийн сайхан баяр юм болов уу гэж боддог. Би залуу хүн өдөр болгон ах, дүүс, амраг саданаараа орж гараад байж чаддаггүй. Цагаан сараар л тэр хэдтэйгээ уулзаж амар мэндийг нь мэдэж, сайхан хуучилж, тэднийхээ үр хүүхдүүдтэй нь танилцдаг. Бусад баяраар гэр бүлтэйгээ, найз нөхдийнхөө хүрээнд тэмдэглээд яваад байдаг болохоос тэр болгон ах дүү амраг саданаа таньдаггүй, анзаараад байдаггүй тийм хүмүүс. Тэгээд цагаан сараар тэд нартайгаа уулзаж золгодог болохоор хамгийн том сайхан баяр юм болов уу гэж боддог.
-Туулай жилдээ ямар уран бүтээл төлөвлөөд байна?
-Туулай жилд манай улсын драмын эрдмийн театрын 80 жил болно. Энэ ойгоо угтаад уран бүтээлүүд маань эхнээсээ багц багцаараа тоглогдож эхэлж байна. Тун удахгүй Баатар найруулагчийн "Домогт Ану хатан" жүжиг бэлтгэлдээ орно. Тэрний туслах найруулагчаар ажиллана. Мөн зун нэг киноны урилга ирсэн байгаа. Намар нэг жүжиг хийх бодолтой байна. Зохиол нь яригдаж байгаа. Аравдугаар сар гэхэд залуусын хайр сэтгэлийн тухай өөрийнхөө хоёр дахь жүжгийг хийх бодолтой байна.