
Нийслэлийн Ардчилсан намын үндэсний зөвлөлдөх хороо нь 138 гишүүнтэй. Тэднээс 90 гаруй нь энэ удаагийн хуралдаанд оролцжээ. Хуралдааны эхэнд экс дарга эхлээд илтгэл тавьж, улмаар С.Эрдэнэ даргад итгэл үзүүлэх эсэх асуудлаар нууц санал хураалт явуулахад гишүүдийн 78 хувь нь “боломжгүй” гэж үзсэн юм байна. Ингээд түүний оронд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин, нийслэлийн Ардчилсан намын зөвлөлдөх хорооны гишүүн Ж.Батзандан, Монголын ардчилсан холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ш.Түвдэндорж нарыг нэр дэвшүүлэхээр болж, тунаж үлдээжээ. Гэтэл энэ хуралдаанд УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин өөрийн биеэр оролцох ёстой байсан ч, ийм хурал болохыг мэдээгүйгээр барахгүй, Шинжаан-Уйгарын өөртөө засах орны Өрөмч хотноо ажил хэргийн уулзалттай явж байсан байх юм. Нөхөд нь түүн рүү утас цохиж, хуралдаанд яаралтай ирэхийг хүссэн ч хилийн дээс алхсан түүний хувьд ямар ч боломж байгаагүй гэнэ. Түүнчлэн Ардчилсан намын зөвлөлдөх хорооны гишүүн Ж.Батзандан нэрээ татаж буйгаа мэдэгдсэнээр Ш.Түвдэндорж нь өрсөлдөгчгүйгээр ганцаараа үлджээ. Ж.Батзанданг өөрөө сайн дураараа татаагүй, хуралдааныг хөгийн юм болсон мэт харагдуулахын тулд хийсэн тактик гэж үзэх хэсэг ч бий.
Мөн энэ үед УИХ-ын гишүүн С.Эрдэнэ хуралдаанд оролцогчдод хандан “Санал хураалтын дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэдгээ сануулж, Хяналтын зөвлөлд хандахаа мэдэгдэж, түүний хамт 20 гаруй гишүүн хуралдааныг орхин гарч оджээ. Ингэснээр үлдсэн 60 гаруй гишүүн хуралдаанаа үргэлжлүүлж, нийслэлийн Ардчилсан намын даргыг шинээр томилох ажиллагаанд орсон байна.
Хуралдаанд оролцогчдын тэмдэглэснээр Монголын ардчилсан холбооны ерөнхий нарийн бичгийн дарга Ш.Түвдэндорж хэдийгээр өрсөлдөгчгүйгээр ганцаараа нэр дэвшсэн ч санал хураалт ардчилсан зарчмаар болсон гэж буй. Харин УИХ-ын гишүүн С.Эрдэнэ санал хураалтын дүнг хүлээн зөвшөөрөхгүй гэж мэдэгдсэн нь ардчиллын зарчмыг үгүйсгэсэн хэрэг боллоо хэмээн мэдэгдээд байгаа юм. Тус намын дүрэмд зааснаар нийслэлийн Ардчилсан намын дарга нь дөрвөн жилийн хугацаатайгаар томилогддог аж. Хэрвээ нийслэлийн намын дарга гишүүдийнхээ дэмжлэгийг хүлээвэл дахин нэг удаа давтан сонгогдох эрх нээлттэй. Энэ дүрмийн дагуу үйл явдал өрнөжээ. Намынхаа Хяналтын зөвлөлд хандахаа мэдэгдээд байгаа УИХ-ын гишүүн С.Эрдэнэ нь 2006 оны намар нийслэлийн Ардчилсан намын даргаар сонгогдож байжээ. Түүнээс өмнө буюу 2000 онд таван нам нэгдсэний дараа Ардчилсан нам шинээр байгуулагдахад нийслэлийн Ардчилсан намын дэд даргын алба хашиж байсан. Харин шинэ тушаал аваад удаагүй байгаа Ш.Түвдэндорж өмнө нь Монголын Ардчилсан холбооны дэд тэргүүн, дараа нь тус холбооны ерөнхий нарийн бичгийн дарга болсон. Мөн тэрбээр Батлан хамгаалах яамны сайдаар томилогдож байсан удаатай. Сайдын сэнтийд суухад түшиг болсон зүйл нь одоогийн Батлан хамгаалахын их сургуулийг төгссөн байсан нь мэргэжлийн хүний эрэлд хатаад байсан тухайн үеийн Ерөнхий сайдын хувьд нүдээ олсон томилгоо болж байсан гэгддэг.