Жендэртэй, казинотой намрын чуулган

Хуучирсан мэдээ: 2010.09.20-нд нийтлэгдсэн

Жендэртэй, казинотой намрын чуулган

УИХ-ын намрын ээлжит чуулган эхлэхэд хагас сарын хугацаа үлдлээ. Ирц нь гүйцээд номоороо ажиллаж чадвал хамгийн их ачаалалтай чуулган эрхэм гишүүдийг хүлээж байна. Байнгын ажиллагаатай парламентын 20 жилийн ойгоо намрын чуулганы нээлтийн дараахан хийж, хүндэтгэлийн чуулган чуулуулах бас нэг том ажил гишүүдийг хүлээж байгаа. Намрын чуулганаар гишүүдийн цаг заваа зарцуулж ноцолдох гол асуудал бол Монгол Улсын 2011 оны нэгдсэн төсвийн тухай хууль, Төрөөс баримтлах мөнгөний бодлого, Эдийн засаг, нийгмийг 2011 онд хөгжүүлэх үндсэн чиглэл.

Зүрх нь үхсэн юм шиг тойрч тойрч арванхоёрдугаар сарын 1-нд гараас гаргах ёстой хуулийг хугацаанд нь тулгаж батлаад он гаруут түмэн нөхөөс шавуулдаг төсөв хийдгээсээ энэ удаад татгалзах байлгүй гэж эрхэм гишүүдээс хүсмээр байна. Уг нь хэдэн жилийн өмнөөс л Үндсэн чиглэлээ хаврын чуулганаар баталж, түүн дээрээ суурилуулж намрын чуулганаар төсвөө ядах юмгүй гаргаж байхаар ярилцсан ч одоог хүртэл хэрэгжүүлээгүй. Тэгэхээр намрын чуулганаар бас л өмнөх жилүүдийнх шиг төсвийн төслөө барьж авмагц үндсэн чиглэлгүй гацаж, Засгийн газраас боловсруулсан төслийг төрөл арилжуулан байж арванхоёрдугаар сарын 1-ний наана амьсгаа дээгүүр баталж мэднэ. Төрийн албаны цалин, тэтгэвэр, тэтгэмжээ аравдугаар сарын 1-нээс нэмчихвэл ирэх жилийн мөнгөний бодлогоор инфляцийг хазаарлаж чадах нь юу л бол. Энэ мэт бачимдуулсан олон асуудлын зэрэгцээ өнгөрсөн хаврын чуулганаас хойшлуулж орхисон УИХ, Орон нутгийн сонгуулийн тухай, Жендэрийн тэгш байдлын тухай хуулиудын төсөл зэрэгцээд ороод ирнэ.

Ирэх 2012 онд парламент, орон нутгийн сонгуулийг нэг өдөр хамтад нь хийх эсэхийг шийдэхээс гадна сонгуулийн тогтолцоогоо солих уу, болих уу гэсэн толгойн өвчин намрын чуулганаар дахин сэдрэх гэж байна. Пропорциональ тогтолцоог сонгох гэснээ төвдөлгүй хаврын чуулганаа өндөрлүүлсэн эрхэм гишүүд “Голсон юм голд” гэгчээр явж явж жижиг 76 тойрогтой мажоритар тогтолцоогоо эргүүлж авъя гээд сууж байж чадах л байх. Танихгүй бурхнаас таньдаг чөтгөр дээр гэгчээр зодог тайлах дургүй “мөнх”-ийн түшээдэд зангий нь мэддэг хувилбар 2012 онд ээлтэй тусч мэдэх юм. Жендэрийн тэгш байдлын хууль Сонгуулийн хуультай зэрэгцээд эрэгтэй гишүүдийн дотрыг муухайруулна. Ардчилсан намын эмэгтэйчүүд тэргүүнээ шинэчилчихсэн. МАХН-ын бүсгүй гишүүд удахгүй хурлаа хийнэ. Эмэгтэйчүүдийн байгууллагуудын идэвх сэргэж байгаа болохоор Сонгуулийн хуульд эмэгтэй нэр дэвшигчдийн квот суулгуулахаар зүтгэх нь зүй. Өмнөх 2007 оных шиг андуурч квот хийгээд хулгайгаар сугалаад хаячих боломж энэ удаад эрчүүдэд олдохгүй. Намуудын эмэгтэй гишүүд илүү соргог болсны дээр нэг хууртагдсан юман дээрээ дахиж мадлуулахгүйгээ мэдэж таарна.

Төсөв, мөнгө, сонгууль, жендэр, тендэр гэсэн том том хуулиудын зэрэгцээ түүнээс дутахгүй том хуулийн төслүүд намрын чуулганаар хэлэлцүүлэхээр өнгөрсөн зун, наадмын өмнө баталсан жагсаалтад бий. Наад зах нь Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах журмын тухай хуультай болохоор жагсаалтад оруулчихсан. Их биш гэхэд орон нутгийн засаг захиргааны хуваарь зэрэгтэй холбоотой нэмэлт засварыг Үндсэн хуульд хийх шаардлага амьдралаас урган гарч ирснийг гишүүд хэлдэг болсон. Ямар ч гэсэн эцэг хуульдаа гар хүрэх үед бэлэн мөрдөх журамтай болохоор гавьяат хуульч Б.Чимидээр ахлуулсан ажлын хэсгийнхэн энэ сараас хааяа хааяа уулзаад эхэлсэн байна.

Бас Засгийн газарт эрх өгчихөөд буй Тавантолгойн ордыг ашиглах гэрээг батламжлах том ажил хүлээж байгаа. Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг ч шинэчлэхээр төлөвлөөд байна.Түүгээр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийг сайдын зиндаатай болгож эрх ямбыг нь дээшлүүлж тун мэдэхээр байгаа. Тэгээд нийслэлд оршин суугчид нь Улаанбаатарын зам, талбайг элээж, агаар бохирдуулж буйнхаа төлөө татвартай болж магадгүй юм гэсэн.

Нийгмийн халамжийн тухай хуулиа шинэчлэн найруулна. Түүгээр халамжийг хумих бус харин ч улам дэлгэрүүлэх нигуур бүрдсэн агаад шоронгоос суллагдсан иргэдийн халамж гэх мэтээр шинэ төрлүүд нэмэгдэх маягтай. Эрүүгийн хуулиа өнөөгийн нөхцөлд зохицуулан шинэчлэх, төрийн цол, одон, медалиудыг өөрчлөх тухай хуулийн төслүүд бас бий. Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн, Байлдааны гавьяаны улаан тугийн гэх зэрэг социалист агуулгатай одонгуудыг Чингис хааны, Хувилай хааны гэх мэтээр шинэчилж алдарт эхчүүддээ Өөлүн эхийн одон хүртээж байхаар Ш.Сайхансамбуу, З.Алтай нарын нэр бүхий гишүүд санаачилчихаад  гаргаж ирэхэд бэлэн сууж буй.

Нэрийг нь сонсохоос ч жийрхдэг Казиногийн тухай хуулийг намрын чуулганаар хэлэлцэхээр жагсаалтад оруулжээ. Эрхэм гишүүн Д.Загджав, Л.Гүндалай нар тус тусдаа хуулийн төсөл санаачилчихаад хэлэлцүүлэх өдрийг хүлээж сууна. Д.Загджав гишүүн хаврын чуулганаар төслөө жагсаалтаа гадуур хэлэлцүүлэх гэж адгаад бараагүй тул энэ чуулганд оруулахаар эртнээс төлөвлөөд тусгуулж чаджээ.

Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, Монгол Улсын иргэн гадаадад, гадаадын иргэн Монгол Улсад хөдөлмөр эрхлэх тухай хуулийн төсөл гээд ажил хөдөлмөртэй холбоотой хэд хэдэн төслийг намрын чуулганаар хэлэлцэнэ.

Үндэсний аюулгүй байдлыг хангахад стратегийн ач холбогдол бүхий аж ахуйн нэгжид гадаадын хөрөнгө оруулалтыг хэрэгжүүлэх тухай хуулийн төсөл гэсэн нэг хууль гаргах гэж байна. Одоо л дарга нар овоо айлын эзэн шиг Монгол Улсынхаа аюулгүй байдалд сөрөг нөлөө учруулахгүйгээр гадаадын хөрөнгө оруулагчдыг ажиллуулах тал дээрээ анхаарах бололтой юм. Цагдаагийн байгууллагын тухай хуулийг шинэчилж хамгийн хуучинсаг энэ салбарт шинэчлэлтийн салхи оруулах ажлыг бас хийх юм байна. Цагдааг хүн загнаж торгодог жандарм биш, хүмүүнлэг сэтгэлгээтэй үйлчилгэний ажилтан болгох юм гэнэ лээ.

Уг нь эрхэм гишүүд энэ сарын 15-даас байнгын хороодоо хуралдуулж чуулганы бэлтгэлээ базаахаар зун ярилцаад тарсан юм. Гэвч энэ долоо хоногоос л гишүүд цугларч эхлэх бололтой. Энэ талаар УИХ-ын хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс тодруулахад энэ есдүгээр сарын 20-ноос байнгын хороод, ажлын хэсгүүдийн хуралдааны хуваарийг гаргаж, долоо хоногийн эхнээс хуралдаж эхлэх юм байна. Тойргууддаа ажиллаж буй гишүүдийн ирц ч энэ үеэс жигдрэх төлөвтэй байгаа гэнэ.

Жендэртэй, казинотой намрын чуулганы нохойн дуу хаяанд ирлээ. Хамгийн их ажилтай чуулгандаа гишүүдийн ирц харин ямархан байх бол. Сурсан зангаараа хаяж сэлгүүцээд байвал энэ олон хуулийн ард гарч чадах болов уу?

Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж