-Улсынхаа павильонд хөл тавихад сэтгэлд их ойр байна. Ганц ч хадаас ороогүй авсаархан хийцтэй гэр тэрэг их содон санагдлаа. Энэ гэр юугаараа онцлог вэ?
-Монгол гэр бол дэлхийн архитектурын хөгжилд монголчуудын оруулсан хувь нэмрийг илтгэх урлалын нэг юм. Энэ утгаараа хилийн чанадад болж буй бүхий л үзэсгэлэнд тавигдах ёстой үзмэр бол монгол гэр. Энэ удаа бид гэр тэргийг сонгож гадны зочдод үзүүлж байна. Жижиг модель хэлбэрээр хийсэн. Монголчуудыг гадныхан хотгүй, дан нүүдэлчин мэтээр ойлгодог тал бий. Харин бид аварга хот, эсгий хоттой байсан гэж Марко Пологийн сурвалжид тэмдэглэгдэн үлдсэн байдаг. Тийм ч учраас монголчуудын оюун ухааны ураар бүтсэн 2х3 хэмжээтэй оньсон гэр тэргийг Оюун ухааны олон улсын музейгээс авчирсан юм. Гэр тэрэг нь 3200 хэсэг задардаг, 238 төрлийн оньсоор хийгдсэн. Нэг талаар Монголын уламжлал соёлыг, нөгөө талаар оюун ухааны ололтыг илтгэж байгаа үзмэр юм. Монгол бол оньсон эдлэл, оньсон тоглоом хамгийн их хөгжсөн улс. Үзэсгэлэнд 200 төрлийн оньсон эдлэлийг сонирхуулж байгаа.
-Долоо дахь эксподоо оролцож эх орноо гадаадад сурталчилж байгаа нь хэн хүнд олдох боломж биш. Бусад орны үзэсгэлэнгээс манайх юугаараа давуу гэж та үзэж байгаа вэ?
-Экспо дэлхийн, бүсийнх гэсэн хоёр төрөлтэй байдаг. 1995 онд Тяньжин, 2000 онд Ханновер, 2005 онд Нагояд дэлхийн экспо болж байсан бол бүсийн экспо хоёр жилийн давтамжтай зохион байгуулагддаг. Экспо бол эх орноо сурталчлах маш том боломж. Ерөнхий утга нь “мини дэлхий” гэсэн үг л дээ. Монголд очиж үзээгүй хүн манай улсын павильонд зочилмогцоо ийм түүхтэй, ийм соёл, онцлогтой улс юм гэдгийг танин мэдүүлж, сурталчлах нь бидний зорилго. Монголын павильоны нэг онцлог нь гадна талдаа хүмүүсийг удаан хугацаагаар чилээж дугаарлуулахгүй байгаа. Удаан дугаарлахаар хүмүүс үүднээс нь буцах тохиолдол олон гардаг. Харин манай павильоны зохион байгуулалт тойрог маягтай учир орж гарахад чөлөөтэй. Японы павильон манайхаас 10 дахин том мөртлөө өдөрт 30-40 мянган хүн хүлээн авдаг. Гэтэл манайх 10 дахин жижиг атлаа өдөрт 20-иод мянган хүнд үйлчилж байгаа нь давуу тал юм.
-Зарим улс орны павильоныг үзэхээр тухайн орныхоо онцлогийг гэхээсээ илүү техник технологийн дэвшилтэй танилцаж байна. Ер нь экспод улс орнууд юуг түлхүү харуулах ёстой юм бэ?
-Монголын үндэсний соёл урлаг, түүхтэй танилцсан хүн бүхэн монголынх “ориг”-оороо байж чадлаа гэсэн үнэлэлт өгсөн.
-Монголын тухай мэдэхгүй хүн байх юм уу?
-Байлгүй яахав. Ялангуяа зарим хятад хүн Монголын тухай сайн мэдэхгүй байхтай олон таарсан. Тийм хүмүүст улсынхаа түүх, соёлын тухай ярьж, мэдээлэл өгдөг.
-Хэчнээн төгрөгийн үзмэр байгаа вэ?
-Монголын дөрвөн музейн шилдэг үзмэрүүдийг авчирсан. Ноцолдож байгаа үлэг гүрвэлийн үзмэрийн даатгалын үнэ сая ам.доллар. Мэргэжлийн төвшинд ховор нээлт хийсэн олдвор юм.