Азийн зураачид Монголд чууллаа

Хуучирсан мэдээ: 2010.09.19-нд нийтлэгдсэн

Азийн зураачид Монголд чууллаа

Азийн уран бүтээлчдийн нэр хүндтэй наадмыг Монгол улс анх удаа өөрийн оронд зохион байгууллаа. Монгол Улсын Ерөнхий сайд С.Ботболдын ивээл дор болж буй “Азийн орчин үеийн урлагийн 25 дахь удаагийн олон улсын үзэсгэлэн” Монголын уран зургийн галерейд  нээлтээ хийлээ. “Азийн хөх тэнгэр” сэдвийн дор Азийн зураачид дэлхий нийтэд тулгамдаад байгаа байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдаж  буйд бүтээлээ тусган нэгдэж манай улсад анх удаа олон улсын үзэсгэлэнгээ нээлээ.

Уран бүтээлчдийн бүтээсэн бүтээл тухайн нийгмийнхээ толь нь байдаг гэдэг. Үүгээрээ ч Азийн орнуудын уран бүтээлчдийн  уран бүтээлээр дамжуулан тухайн ард түмнийх нь түүх соёл, хөгжил дэвшил, үнэлэмж, сэтгэлгээний үнэтэй байдлыг харах сайхан боломж бүрдэж байгаа юм.

Үзэсгэлэнд гадаадын 12 орны 150 гаруй мэргэжлийн уран бүтээлчид бүтээлээ илгээжээ. Харин “Азийн орчин үеийн урлагийн 25 дахь удаагийн олон улсын үзэсгэлэнд Монгол Улсаас төрийн шагналт зураач До.Болд, Ц.Энхжин, Г.Дунбүрээ, Е.Далх-Очир, Д.Эрдэнэбилэг, С.Саранцацралт зэрэг 40 гаруй уран бүтээлчдийн уран зураг тавигджээ. Нээлтэнд Япон, Тайланд, Солонгос, Хятад, Филипин, Тайвань,  Австрали, Сингапур, Малайз, Хонгконг, Монгол зэрэг орны 150 гаруй уран бүтээлчид хүрэлцэн ирсэн байв. Түүнчлэн БСШУЯ-ны сайд Ё.Отонбаяр, УИХ-ын гишүүд болон урлаг соёлынхон, Монгол улсын ерөнхий сайд С.Батболдын гэргий Х.Отгонтуяа нар морилон ирж үзэсэлэнг үзэж сонирхсон юм.  
Тус үзэсгэлэн арван нэгдүгээр сарын 21-н хүртэл Монголын уран зургийн галлерейд үргэлжлэх юм.

Саранцацралт: “Азийн уран бүтээлчид амьдралын гүн ухааныг дотор талаас нь гаргадаг”

“Азийн орчин үеийн урлагийн 25 дахь үзэсгэлэн”-д “Ихрийн орд” бүтээлээрээ оролцсон Төрийн соёрхолт зураач С.Саранцацралттай уулзлаа.

-Монголд анх удаа болж байгаа “Азийн урлагийн олон улсын үзэсгэлэн”-гийн талаарх сэтгэгдлээсээ хуваалцаана уу?

-Энэ бол маш сайхан арга хэмжээ болж байна. Монголд маань анх удаа ийм том бүх л бүтэн Азийн үзэсгэлэн нээгдэж байна. Тийм болохоор манай үзэгчдэд Азийн орчин үеийн үзэсгэлэнг нэг дор үзэх ховор сайхан боломж нээгдлээ. Мөн Монголын үзэгчдэд Азийн орнуудад дүрслэх урлаг яаж хөгжиж байгааг харуулж өгөх сайхан үйл явдал болж байна.

-Та Азийн урлагийн наадамд хэд дэх удаагаа оролцож байгаа вэ?

-Дөрөв дэх удаагаа оролцож байна.

-Та “Ихрийн орд” гэдэг бүтээл юуг тусган харуулсан бэ?

-Хүн болгон байгаль эжийгийн бас нэгэн эд эс нь шүү дээ. Тийм учраас хүн нар сар, байгаль, дэлхий, уул ус, мод цэцэг, навч энэ бүх зүйлээс ангид байна гэж байхгүй.  Хүн болгонд өөр өөрийн төрсөн өдрийн төөрөг гэж  он, сар, өдөр, ордууд байж байдаг. Би өөрөө ихрийн ордонд төрсөн. Тэгээд ихрийн ордыг нилээд түлхүү сайн мэддэг. Ихрийн ордоор нилээд хэдэн зураг хийж байсан. Энэ бүтээл маань эрэгтэй ихрүүдэд зориулсан зураг байгаа юм. Эрэгтэй ихрүүдэд байдаг эерэг шинж чанаруудыг шингээх гэж их оролдсон доо.

-Азийн уран бүтээлчид Европын уран бүтээлчдээс юугаараа ялгаатай вэ?

-Азийнх бол ихэвчлэн амьдралын гүн ухаан талыг дотор талаас нь гаргахдаа сайн байдаг гэж боддог.

-Азийн уран бүтээлчдийн үзэсгэлэнд тавигдсан бүтээлүүдээс харж байхад тэд юугаараа ижил төсөөтэй вэ?

-Азийн гэдэг утгаараа дотоод, гадаад сэтгэлгээний төрлөөрөө ижилхэн.

-Ойрын үед төлөвлөсөн уран бүтээлээсээ сонирхуулбал?

-Ирэх жил уран бүтээлийн үзэсгэлэнгээ гаргахаар ажиллаж байгаа.

 “Азийн хөх тэнгэр” сэдвээр уран бүтээлчид оюун ухаанаа уралдууллаа


Монголын уран зургийн галерейн захирал, зураач А.Чадраабалтай  үзэсгэлэнгийн нээлтийн үеээр цөөн хором ярилцлаа.

-Өнгөрсөн жил 25 дахь удаагийн үзэсгэлэнг Монголд зохион байгуулъя гэдэг саналыг тавьсны үндсэн дээр бид албан ёсны эрхийг аваад эх орондоо нээлээ. Монголын ард түмэнд өнөөгийн Азийн орчин үеийн урлаг ямар хөгжилтэй явж байгаа юм бэ гэдгийг яг эх оригналь бүтээлээс нь харуулж байна. Энэ бол бидний хувьд маш том дараа дараачийн ажлын маань эхлэл болж байгаа юм.Нийт арваад улсын 150 гаруй уран бүтээлчид уран бүтээлээрээ оролцож байгаа.

Үзэсгэлэнгийнхээ үеэр бид Азийн уран бүтээлчдийн холбооны удирдах зөвлөлийн дарга нарын чуулга уулзалт зохион байгуулна.

-Үзэсгэлэнгийн маань онцлог нь юу вэ?

-Энэ жилийн үзэсгэлэн бол их өвөрмөц онцлогтой. Дэлхий нийтээрээ байгаль экологийн тэнцвэрт байдал алдагдаад байгааг зураач бид юугаараа илэрхийлж чадах вэ. Бид өөрсдийнхөө хийж чадах юмаараа л илэрхийлж чадна. Тийм учраас бид нар энэ сэдвийн хүрээнд ямар ч байсан уран бүтээлээ хийе. “Азийн хөх тэнгэр” сэдвийн  хүрээнд бүх уран бүтээлчид маань өөрсдийн  оюун ухаанаа уралдуулж сайхан бүтээлүүд хийж оролцож байгаад сэтгэл өндөр байна.

-Онцлох сор болсон ямар бүтээл байна?

-Мэдээж дүрслэх урлагийн үе үеийн төлөөллөөс оруулсан. Ахмад, дунд, залуу үеийн уран бүтээлчид гээд. Бүгд л өөр өөрсдийн гэсэн утга санаагаа илэрхийлж байгаа, бүгд л сайн бүтээлүүд байна.

Л.Бумандорж: Энэ үзэсгэлэнг цэцэг шиг дэлгэрээсэй

Соёл урлагийн их сургуулийн дүрслэх урлагийн захирал, зураач Л.Бумандорж.

-Энэхүү наадмыг Монголд зохион багйуулснаараа манай зураачдын хувьд ямар ач холбогдолтой юм бэ? Манай зураачид эргээд гадаад зах зээл дээр гарах хандлага байж болох юм.

-Ер нь энэ удаа зохион байгуулж байгаа үзэсгэлэнгийн ач холбогдол бол маш том юм. Нэгдүгээрт Монголыг зураачид энэ Азийн олон өндөр хөгжилтэй орны зураачдын аль түвшинд байна. Хоёрдугаарт энд ирсэн олон орны зураачид Монголын соёл урлаг Монгол оронтой танилцаж байгаа. Мөн энд ирээд тэд нар шинээр нүдээ нээж байгаа.

-Манай зураачдын онцлог, давуу тал нь юу вэ?

-Нүүдэлчдийн соёл, хөх тэнгэр, унаган байгаль мөн Монголын зураачдын олон улсад сурсан өндөр боловсрол энэ бүгд бол шууд нөлөөтэй. Монголын зураачдаас бол маш шинэ юм гарна. Энэ бол эргэлзээгүй гэдгийг зохион байгуулагч улсууд нээлтэнд онцлон хэлсэн. Тэр хэлсэн үгтэй мэргэжлийн зураач хүний хувьд би  санал нэг байгаа. Манай Монголын зураачид энэхүү наадамд нүүр бардам маш сайхан ажлууд тавьсан байна. Тэгээд нийт оролцсон уран бүтээлчдэд баяр хүргэе. Энэ удаагийн үзэсэгэлэн биенээсээ харилцан суралцах маш сайхан боломжийг нээж өглөө. Манай залуучууд, үзэгч олон эндээс маш их зүйл сурна. Монголын зураачдыг энэ олон орны зураачидтай харьцуулах боломжийг олголоо. Үнэхээр гоё үйл явдал болж байна. Үүнийг ерөнхий сайд болон Боловсрол соёл шинжлэх ухааны сайд нар маш их анхаарал тавьж байгаа нь сайхан байна. Энэхүү үзэсэгэлэнг зохион байгуулсан нийт албан байгууллага хувь хүмүүс маш том үүрэг гүйцэтгэлээ. Энд хүрэлцэн ирсэн Азийн том том мэргэжлийн уран бүтээлчид Монголыг дүрслэх урлаг ийм хэмжээнд юм байна гэж өнөөдөр хүртэл зарим нь нүдээ нээж байгаа болохоор Монгол цаашдаа хөгжинө. Дүрслэх урлаг нь бол дийлнэ гэж хэлмээр байна.

-Олон улсын зураачдыг бүтээлийг харж байхад юугаараа өөр хоорондоо ялгарч байна вэ?

-Өөр өөрсдөө онцлогтой өвөрмөц, цөмөөрөө л сайхан бүтээлүүд байна. Тэр дундаа манай Монгол зураачдын бүтээл сайн хэмжээнд хийгдсэн байна.  Энэ олон орны бүтээлчид өөр хоорондоо суралцах боломж олгосон үйл явдал болж байна.

-Та болон таны эхнэр зураач. Үзэсгэлэнд ямар бүтээлээрээ оролцсон бэ?

-Миний бүтээл бол гэр хорооллын хүмүүсээ уриалаад “Цэцэг тарьцгаая” гэсэн зураг байгаа. Энэхүү үзэсэгэлнгийн уриатай нэгдэн энэхүү зургаа сонгон илгээсэн юм. Цэцэг бол олон өнгийн сайхан зүйл. Тэр ч утгаараа энэ үзэсгэлэнгээ энэ олон өнгийн цэцэг шиг дэлгэрээсэй гэсэн ерөөлийг давхар тавимаар байна аа.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж