Франц Дэвисийн цомын тэмцээний финалд шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2010.09.19-нд нийтлэгдсэн

Франц Дэвисийн цомын тэмцээний финалд шалгарлаа

ITF холбооны дэлхийн эрэгтэй талбай теннисчдийн багийн аварга шалгаруулах Дэвисийн цомын тэмцээний финалд өрсөлдөх эхний багийн нэр тодорлоо. Бямба гаригт Лион хотноо хагас шигшээгийн сүүлийн тоглолтоо хийж, нийлбэр дүнгээр Аргентиний багийг 3:0 харьцаатай хожсоноор Францын баг тус тэмцээний аваргын төлөө өрсөлдөх эрхтэй болсон байна.
Хосын төрөлд Майкл Льодра, Арнауд Клемент нар АНУ-ын нээлттэй тэмцээний хагас шигшээд шалгарсан Хорацио Зебаллос, Эдуардо Шванк нартай хоёр цаг хагас ширүүн өрсөлдсөний эцэст 6-4; 7-5; 6-3 харьцаатай хожсоноор Францын талбайн теннисчид нийлбэр дүнгээр ялалт байгуулжээ.
Өмнөх өдөр нь болсон ганцаарчилсан төрөлд Льодра Хуан Монаког, Гейл Монфилс дөрвөн сетэд Дэвид Налбандьян нарыг тус тус хожиж, Францын баг 2:0-ээр тэргүүлж эхлээд байсан юм.
Түүхэндээ Дэвисийн цомын тэмцээнд есөн удаа түрүүлж байсан Францын теннисчид ийнхүү 2002 оноос хойш анх удаагаа финалд шалгарчээ. Тоглолтын дараа Францын багийн ахлагч Гай Форгет “Би үнэхээр баяртай байна. Бүр маш их жаргалтай байна. Хөгжөөн дэмжигчид үнэхээр гайхалтай байлаа. Эмоци, зүрх сэтгэл, тэмүүлэл бүгд цогцолсон байна. Тоглогчдын ур чадвар итгэмээргүй агуу байлаа. Ийм багийг ахлан тоглож байгаадаа туйлын баяртай байна” хэмээн ярьжээ.
Харин Аргентиний багийн ахлагч Тито Васкез “Тоглолтын үр дүн ийм байна гэж санасангүй. Бид үргэлж ялна гэдэгтээ итгэлтэй байсан” гэжээ.
Дэвисийн цомын тэмцээний аваргын төлөөх тоглолт ирэх арванхоёрдугаар сард болох бөгөөд Францын шигшээ уг тоглолтод Чех эсвэл Сербийн багийн ялагчтай өрсөлдөх юм. Тус хоёр багийн аль аль нь өмнө нь финалд шалгарч байгаагүй ч энэ жил хоёул гайхалтай амжилт гаргаж байгаа. Тус хоёр багийн шийдвэрлэх тоглолт өнөөдөр болж, Дэвисийн цомын тэмцээний финалд Францын багтай өрсөлдөх баг тодрох учиртай.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж