
Семинарын үеэр МОСХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга, тэмцээний Гүйцэтгэх хорооны дарга Д.Жаргалсайхан, Гүйцэтгэх захирал Ч.Эрдэнэтуяа, Тэмцээний Гүйцэтгэх хорооны гишүүн Б.Мөнхбаяр, Б.Хосбаяр, ахмад боксчин, ОУХМ Г.Батбилэг, Look Mongolia ХХК-ийн Ерөнхий захирал Г.Баттулга нарын илтгэл мэдээлэл нь оюутнуудын сонирхолыг ихээхэн татаж, төлөөлөгчид, тамирчидтай хэрхэн ажиллах, Монгол орноо сайнаар хэрхэн сурталчилах зэрэг талаар үнэтэй зөвлөлгөө өгсөн ач холбогдолтой арга хэмжээ болов.
Тэмцээнд ажиллах оюутнууд нь Монгол улсын нүүр царай болж гадаадын тамирчидтай харилцах хжриуцлагатай ажилд томилогдож байгаагийн хувьд ёс зүйтэй байх, өгсөн үүрэг даалгаврыг сайтар биелүүлэн ажиллахыг сануулан хэлж байсан юм. Тэмцээн эхлэхээс өмнө оюутнуудад хариуцсан ажлынхаа хүрээнд сайтар судалгаа явуулах ба дахин нарийвчилсан сургалтанд хамрагдах юм. Эдгээр оюутнууд нь тэмцээний үеэр Гүйцэтгэх хорооны байнгын болон байнгын бус төрөл бүрийн ажлуудад хуваарилагдан техникийн үйл ажиллагаа, орчуулга, зочид буудал, спортын заал, машин тээвэр, нисэх буудал, харуул хамгаалалт, соёлын арга хэмжээнүүдийг хариуцна. Семинарын төгсгөлд тэмцээний Гүйцэтгэх хорооноос оюутнуудтай хамтран ажиллах гэрээ байгуулсан. МОСХолбоо нь тив, дэлхийн чанартай том тэмцээнүүдийг эх орондоо зохион байгуулж ажиллахдаа оюутан залуусыг аль болох олноор нь хамруулан, тэднийг дэмжин ажиллахыг чухалчилан үздэг ба оюутнууд ч энэ үйл ажиллагаанд идэвхтэй оролцдог юм.
Оюутны дэлхийн аваргын тэмцээнд ХУИС, ШУТИС, МУБИС, МУИС, СЭЗДС, “Цог” гадаад хэлний ДС, “Мон-АЛтиус” БТДС зэрэг Их дээд сургуулиудаас хамрагдаж байгаа бөгөөд оюутнууд гадаад хэл эзэмшсэн байхаас гадна тухайн ажлуудад хуваарилагдан ажиллах хэлний бус чиглэлийн сайн дурын оюутнууд ч байгаа юм.
МОНГОЛЫН ОЮУТНЫ СПОРТЫН ХОЛБОО
ТЭМЦЭЭНИЙ ГҮЙЦЭТГЭХ ХОРОО