УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өнөөдөр Ховд аймгийг зорилоо. Тэрбээр энэ сарын 21-нийг хүртэл Буянт, Манхан, Дуут, Жаргалант сумдад ажиллаж, цаг үеийн ажлын явцтай танилцах юм. Тодруулж хэлбэл, ургац хураалт, хадлан тэжээл бэлтгэлт гээд ховдчууд өвөлдөө хэрхэн бэлтгэж буйг шалгахаар явж буй нь энэ. Нөгөөтэйгүүр, УИХ-аас батлан гаргасан бодлого шийдвэрийг иргэдэд таниулж, санал бодлыг нь сонсох юм. Мөн Ховд-Манхан чиглэлийн хатуу хучилттай авто замын шав тавих ёслолын арга хэмжээнд оролцохоор төлөвлөжээ. Монгол Улсын Засгийн газар нь БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр баруун босоо тэнхлэгийн хатуу хучилттай Ховд-Манхан чиглэлийн 85.3 км хатуу авто замыг барихаар төлөвлөсөн юм. Энэ дагуу ажил эхлэх бэлтгэл ажил хангагджээ. Баруун босоо тэнхлэгийн авто зам ашиглалтад орсноор барааны өртөг буурч, амьжиргаа тодорхой хэмжээгээр дээшилнэ гэж нутгийн иргэд үзэж байгаа юм. Түүнчлэн зам дагаж хөгжил ирдэг гэдэг үгийн дагуу холбоо харилцаа өргөжиж, сум орон нутгийг хөгжүүлэх бололцоо бүрдэнэ гэж ховдчууд үздэг.
УИХ-ын даргын хамтаар зарим яам агентлагийн удирдах ажилтан, УИХ-ын даргын зөвлөх С.Банзрагч, УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Б.Золбаяр нар гурав хоногийн турш ажиллана.
Г.Дарь