Хүн амынх нь 70 гаруй хувь гар утас хэрэглэдэг гэсэн үзүүлэлтээрээ Монгол Улс дэлхийн хөгжингүй орнуудтай мөр зэрэгцдэг. Мөн хоёр г сая аруйхан хэрэглэгчид Юнител, Мобиком, Жи-Мобайл, Скайтел гэсэн дөрвөн үүрэн телефоны оператор оногдож байгаа. Өрсөлдөөний хуулиар бол жижигхэн зах зээлээс хэрэглэгчээ татахын тулд дээрх дөрвөн компани өрсөлдөөн гэдгийг жинхэнэ утгаар нь үзүүлж, монголчууд маш хямд тарифаар үүрэн телефоны үйлчилгээг хүртэх эрхтэй. Харамсалтай нь Монголд өрсөлдөөн гэж үгүй учир Монголчууд өрсөлдөөний үр шимийг хүртэж чаддаггүй. Харин ч хамгийн үнэтэй тарифаар үйлчилгээ авч байх жишээтэй. Хэрэв Харилцаа холбооны зохицуулах хорооноос үүрэн телефоны компанийн үнэд хяналт тавилгүй, шударга өрсөлдөөний тухай хуулийн дагуу үүрэн телефоны компаниуд үйл ажиллагаагаа явуулбал дампуурна хэмээн компанийх нь удирдлагууд хэлж байгаа. Гэтэл нэг сая гаруй хэрэглэгчтэй Мобиком компани ердөө л сард таван тэрбум гаруй төгрөгийн орлого олдог байх жишээтэй. Харин Скайтел компани 500 мянган хэрэглэгчтэй. Юнител компани 400 мянган гаруй хэрэглэгчтэй бол хамгийн бага буюу 200 мянган гаруй хэрэглэгчтэй Жи-Мобайл компани ч Мобиком корпрациас багагүй орлого олдгоо баталдаг. Тэгэхээр хуулийн дагуу ажиллаа гэхэд эдгээр компани дампуурахгүй нь тодорхой. Гэтэл урд хөршид ердөө л хоёр, Японд гурван үүрэн телефоны оператор хэдэн тэрбум хэрэглэгчид үйлчилдэг. Гэхдээ тухайн операторууд зах зээлийн өрсөлдөөний журмыг ягштал баримталж чаддаг учир хэрэглэгчдээ хямд үйлчилгээгээр хангаж чаддаг аж. Үүнтэй ижилхэн олон зүйлээс Монголд шударга өрсөлдөөн байхгүй гэдгийг харж болно. Шударга өрсөдөөний хуулийг зөрчсөн аж, ахуйн нэгжүүдийг 250 мянган төгрөгөөр л торгодог байсан цаг саяхан. Харин эл байдлыг таслан зогсоохын тулд Шударга өрсөлдөөний тухай хуулийг шинэчилж, торгуулийн заалтуудад өөрчлөлт оруулсан хувилбарыг энэ намрын чуулганаар баталсан.
Шударга өрсөлдөөний тухай хуулийн батлахтай зэрэгцэж, хуулийн чансааг шалгахаар гурил үйлдвэрлэгчид үнээ нэмж эхэлсэн. Гурилын үнийн өсөлтийг үгсэн хуйвалдсан гэдгийг нь ХХААХҮЯ-наас баталж өгсөөр байтал Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрынхан дорвитой арга хэмжээ аваагүй. “Алтантариа” компанийг 250 мянган төгрөгөөр торгох шийдвэр гаргасан. Гэсэн ч “Алтантариа” компани энэхүү торгуулийг нь хүлээж аваагүйгээр барахгүй Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрыг үндэслэлгүй торгууль оногдуулсан хэргээр гомдол гаргаснаар замхарсан. Шинэ хуулийн төсөлд хуулийн заалтуудыг зөрчсөн тохиолдолд аж, ахуйн нэгж байгууллагад жилийнх нь борлуулалтын орлогын 3-6 хувь хүртлэх мөнгөн торгууль оногдуулна. Хэрэв үгсэн хуйвалдаж, үнэ нэмсэн нь тогтоогдвол 10-20 сая төгрөгөөр торгохоор заасан байсан. Ийнхүү дөнгөж саяхан өлгийдүүлсэн Шударга өрсөлдөөний тухай хууль шалгалтад бүдэрсэн. Томоохон компаниуд шударга бусаар зах зээлийг эзэгнэдэг гэдгээ зарласан нь хуулийг үл тоодог гэдгийг харууллаа. Шинээр батлагдсан хуульд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын эрх зүйн байдал гэсэн бүлэг нэмсэн. Ийнхүү Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын дарга, гишүүдийн бүрэн эрхийг хуульд дархалж өгсөн нь шинэхэн төрсөн хуулийн хөлд орохгүй бүдрэх болсны шалтгаан уу. Бизнес эрхлэгчдийн том дугарахын учир уу.
Р.САРАНГОО
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин