“Монголросцветмэт” компанийн Бор-Өндөр дэх Уулын баяжуулах үйлдвэрт осол болж нэг ажилчин амиа алдсан талаар манай сонин өмнөх дугаартаа мэдээлсэн.
Тодруулбал, Уулын баяжуулах үйлдвэрт хөдөлмөр хамгааллын дүрэм зөрчсөнөөс хүний амь эрсэдлээ. Өмнөх орой нь тэсэлгээ хийсэн хэрнээ хана, таазных нь шороог аваагүй байжээ. Маргааш өглөө үүрээр өнөөх сул шороотой гүний уурхай руу талийгаачийг оруулжээ. Ингээд талийгаачийн дээрээс 20 тонн шороо нурж осол болжээ. Тийм аймшигт үйл явдлын бодит үнэнийг уурхайн ажилчид л мэдэж байгаа. Яагаад гэвэл “Монголросцветмэт” компанийн удирдлагууд ослыг нуухыг оролдсон. Бүр Бор-Өндөрийн Засаг дарга, уурхайн даргатайгаа нийлээд болсон явдлын талаар мэдээлэл өгөхгүй гэж гүрийж байсан нь эмгэнэлтэй. “Монголросцветмэт” компанийн хуулийн зөвлөх н.Баярсайхан юу ч болоогүй юм шиг “Хөдөөгүүр томилолттой явна. Хүн нас барсан гэж дуулаагүй” гэж байв. Уурхайн гүнд 20 тонн шороонд ажилчин нь дарагдчихаад байхад аврах ангийнхныг дуудахгүй байгаа удирдлагуудыг нь хүн гэж хэлэхэд хэцүү. Монгол хүн шаварт унасан тэмээ хараад саахалтынхнаасаа хүч авч татаж гаргачихаад явдаг сайхан сэтгэлтэй ард түмэн шүү дээ. Гэтэл “Монголросцветмэт” компанийн уурхайн удирдлагууд талийгаачийг аврах боломжийг эрэхээс илүү дараа нь гарах хэл амнаас айжээ. Бүр талийгаачийн ар гэрийнхний нүүрийг яаж харна гэхээс илүү “Яавал ажилтайгаа үлдэх бол” гэж бэмбэгнэж байсан биз. Хурган дарга нар тийм арчаагүй байдаг юм гэхэд “Монголросцветмэт” компанийн захирал О.Эрдэнэ яасан гээч. Тэр эрхэм ослын дараа хэргийн газарт очсон гэж байгаа. Тэгэхдээ талийгаачийн ар гэрийнхнээс уучлалт гуйхын оронд ослыг нуух талаар бусдадаа даалгавар өгчихөөд хэнэг ч үгүй гэнэ. О.Эрдэнийн увайгүй арга бүтэлгүйтжээ. “Бурууд нүд хурц” гэж монголчууд ярьдгийг эрхэм даргад сануулахад илүүдэхгүй биз. О.Эрдэнэ захирлын удирдаж байгаа компанид ажиллаж байгаад алтан амиа алдсан ажилчинг Г.Хүрэл-Од гэдэг аж. Талийгаач арав гаруй жил Уулын баяжуулах үйлдвэрт ажилласан туршлагатай нэгэн байжээ. Хожим “Талийгаач болгоомжгүй үйлдлээсээ болж амиа алджээ. Хөдөлмөр хамгаалал сайн байсан” гэж дүгнэлт гаргуулах магадлалтай учраас түүнийг туршлагатай гэж тодотгож байгаа юм. Өрхийн тэргүүн, хүний хань, хүүхдүүдийн аав, цаашлаад Монгол Улсын иргэн амиа алдчихаад байхад О.Эрдэнэ захирал хааш нь нуух гэсэн юм бол. О.Эрдэнэ эрх мэдэл, танил талаа ашиглан төрийн нүд, чихийг таглаж дөнгөдөг юм гэхэд хагацалд унасан ар гэрийнхнийх нь гомдол тасрахгүй. О.Эрдэнэ хамгаалалттай, эрх мэдэлтэй, баян байж болно. Улс төрд түүний нөлөөлөл байдгийг ч үгүйсгэхгүй. Гэхдээ хүн амиа алдчихаад байхад нуух эрхийг түүнд хэн ч олгоогүй. Дээр жишээ болгож дурдсан “Распадская” уурхай хувийн компани бол “Монголросцветмэт” Монгол Улсын төрийн өмчит компани. Тийм учраас хариуцлага алдаж, хүний амь эрсдэхэд хүргэж, түүнийгээ нуусан О.Эрдэнийн талаар ТӨХ-оос тодруулах гэсэн ч бүтэлгүйтэв. ТӨХ-ны дарга туслахаараа дамжуулан “Болсон явдлыг сонссон. Ямар арга хэмжээ авахыг мэдэхгүй” гэдэг хариу өгсөн юм. Ингээд ч О.Эрдэнийн албан тушаал хүний аминаас үнэтэй болж үлдлээ. Бид нуухыг оролдсон ч нийтэд ил болсон ослын дараах үйл явдал хэрхэн өрнөхийг үргэлжлүүлэн хүргэх болно.
“Монголросцветмэт”-ийг том компани гэхээсээ илүү байгаль орчны хамгийн том дайсан гэхэд хилсдүүлсэн болохгүй. Тус компанийн олборлолт хийсэн газар бүр нүх сүв, тоос шороо болж үлддэг. “Монголросцветмэт” компани Хэнтий, Дорноговь, Сүхбаатар, Сэлэнгэ аймагт 30 жил олборлолт хийчихээд огт нөхөн сэргээлт хийгээгүй. Зөрчлийг нь мэргэжлийн хяналтын газраас сануулж, нөхөн сэргээлт хийхийг шаарддаг ч биелүүлдэггүй аж. Өнгөрсөн жил Баянхонгор аймгийн Түйн голын голдирлоос алт олборлож гол ус ширгээж байсан нь иргэний хөдөлгөөнүүдийн эсэргүүцэлтэй тулгарсан. Иргэний хөдөлгөөнүүд Түйн гол ширгэх гэж байгааг дуулиан болгосноор “Монголросцветмэт”-ийнхний хууль бус ажиллагааг зогсоосон. Дорноговь аймгийн Айраг суманд болсон үймээний дараа мэргэжлийн хяналтын байцаагчид уул уурхайн компаниудад шалгалт хийхэд мөн л “Монголросцветмэт”-ийнхний “но” илэрсэн байна. Тус компанийнхан сурсан зангаараа баялгийг нь авчихаад нөхөн сэргээлт хийлгүй дүрвэх гэж байсныг байцаагчид тогтоожээ. Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас Айраг суманд нөхөн сэргээлт хийхийг дөрвөн сарын өмнө “Монголросцветмэт”-ийн удирдлагад даалгасан ч өнөөг хүртэл ганц нүх ч булаагүй байгаа аж. Энэ мэт “Монголросцветмэт”-ийг тойрсон зөрчил их байна.
Б.ЦЭЦЭГДЭЛГЭР
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин