Шинэ баригдсан зам орчин үеийн шийдэлтэй. 5,078 км урттай, нэлээд урт шулуун замтай. Тийм учраас энэ зам дээр мотоциклчид хамгийн их хурдаа гаргах боломжтой гэж байгаа ч Лорензогийн хувьд энэ зам тийм ч таатай биш байж болох юм. Гэвч тэрбээр энэ онд уралдаан бүрээс оноо авсан цорын ганц нисгэгч болоод байгаа.
“Хүмүүс хэлэхэд амар байна байх л даа. Чи аварга болохыг хүсч байвал тэмц, уралдаан бүрт өөрт байгаа бүхнээ дайчил, өндөр төвшний мотоциклчидтой өндөр төвшинд өрсөлд гээд л. Гэвч энэ тийм амар биш. Миний хувьд харин ч эсрэгээрээ, бүх зүйл маш хүнд байх болно” хэмээн Лорензо ярьсан байна.
Педрозагийн тухайд өөрийн нутаг нэгт нисгэгч Лорензог гүйцэх боломжтой цорын ганц тамирчин. Индианаполис болон Мизанод ялалт байгуулсан Испани эр шинэ зам дээр амжилт үзүүлж, дараалсан ялалтаа байгуулахыг хүсч байгаа нь ойлгомжтой. Гэхдээ тэрбээр шинэ замын зарим эргэлтүүд үнэхээр хүнд гэдгийг уралдааны өмнөх хэвлэлийн бага хурал дээр хэллээ. Тийм ч хялбар уралдаан болохгүй гэдгийг онцолсон байна.
Харин дэлхийн аваргаа хамгаалан уралдаж байгаа Валентино Росси бэртэлтэй байгаа ч сүүлчийн таван уралдаанд хоёр удаа шагналын тавцанд гарсан бөгөөд шинэ замын анхны уралдаанд нэрээ тодоор үлдээхийг хүсч байгаа нь лавтай. Гэвч эхний 15-20 тойргийг зөвхөн замтайгаа танилцахын тулд хийх болно гэдгийг өөрийн туршлага дээрээс үндэслэн хэлжээ. Харин үүнээс цааш тойрог бүрт өрсөлдөөн улам бүр ширүүсэх бололтой.
Гран-при уралдаан ням гаригт болно.
Score Studio