Хакухо Японд жүдочидтой уулзжээ

Хуучирсан мэдээ: 2010.09.17-нд нийтлэгдсэн

Хакухо Японд жүдочидтой уулзжээ

Японы Токио хотноо өнгөрөгч өдрүүдэд жүдо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн болж, энэ үеэр мэргэжлийн сумогийн есдүгээр сарын аки башё эхэлсэн билээ. Манай улсаас жүдогийн ДАШТ-д оролцохоор 26 тамирчин арлын орныг зорьж, амжилттай оролцоод өчигдөр эх орондоо ирсэн юм. Харин сумочдын тухайд Японы мэргэжлийн сумогийн макүүчи буюу дээд зиндаанд манай 11 бөх зодоглож байна.

Арлын Японы үндэсний бөхөөр барилдан, их аварга цол хүртсэн Хакухо М.Даваажаргал жүдогийн ДАШТ эхлэхийн өмнө IJF буюу Олон улсын жүдо бөхийн холбооны тэргүүнтэй уулзаж, тэмцээний үеэр нутаг нэгт жүдочдоо дэмжин суугаа нь харагдсан. Харин башё эхэлсний дараа дэлхийн аварга Х.Цагаанбаатар, олимпийн аварга Н.Түвшинбаяр тэргүүтэй манай жүдочид Токио хотын сумогийн ордонд зочилж, Монгол сумочдынхоо барилдааныг үзэж сонирхжээ. Японы сумогийн дэвжээг эзэгнэсэн их аварга Хакухо нутаг нэгт жүдочидтойгоо уулзсандаа туйлын сэтгэл хангалуун байсан бөгөөд жүдочидтой уулзаж, өөриймсөг, дотно байгаа зураг маргаашийнх нь Японы олон хэвлэлийн нүүр хуудсыг чимсэн байна. Тэндхийн жүдочид ч манайхныг “Та нар ёкозунатай найзууд юм уу” гээд л ихэд гайхаж, Монгол жүдочдод битүүхэндээ атаархаж байсан гэнэ шүү.

Түүнчлэн башёгийн гурав дахь өдрийн барилдаанд их аварга Хакухо М.Даваажаргал Ваканосатог давснаар башёгийн гурав дахь, дараалсан 50 дахь даваагаа авсан бөгөөд энэ баяраа нутаг нэгт жүдочидтойгоо хамт тэмдэглэжээ.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж