“Төөрсөн саарал ордон”-г сонирхоорой

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

“Төөрсөн саарал ордон”-г сонирхоорой

Өнөөдөр МУЭ-ийн Хорооны Үзэсгэлэнгийн танхимд залуу уран бүтээлч Буянтогтохын Бадрал, Будзагдын Нандин-Эрдэнэ нарын “Төөрсөн саарал ордон” нэртэй хамтарсан уран бүтээлийн үзэсгэлэн нээлтээ хийлээ. Энэ нийгмийн ядуурал, авилга, хээл хахууль, хүнд суртал, гэмт хэрэг, хүчирхийлэл, айдас хүйдэс дунд хутгалдан яваа жирийн нэг уран бүтээлч хүний үүднээс ардчиллын үнэт зүйл хэмээн тунхагласан хүний эрх чөлөө өнөөдөр оршин тогтнож чадаж байгаа эсэхэд үнэлэлт хийж, урлагаар дамжуулан шүүмжлэлтэй хандахыг зорсон аж. Уран бүтээлийн илэрхийллээрээ тодорхой төвшинд хонх болж, асуудал болон тэлж, түүнд бодитой нөлөөлөл үзүүлэх нь тэдний энэхүү үзэсгэлэнгийн гол зорилго юм байна. Залуу зураач Б.Бадрал нь нийгмийн бодит амьдралаас сэдэвлэн, тулгамдаж байгаа асуудлуудыг тусган түүнд шүүмжлэлтэй хандан, хувь хүний үзэл бодлоо орчин үеийн урлагийн хэллэгээр, уран зураг, инстолляци, видео-артын бүтээлээрээ дамжуулан хүргэхийг зорьжээ. Залуу зураач Б.Нандин-Эрдэнэ коллаж болон уран зургаар ажилладаг. Тэрбээр нийгмийн аливаа үзэгдэлд яаж хандаснаараа бүтээлийнхээ нэрийг сонгодог гэнэ. Орчин үеийн дүрслэх урлагт хүч түрэн орж ирж байгаа манай залуу уран бүтээлчдийн төлөөлөл болсон зураач Бадрал, Нандин-Эрдэнэ нарын 50 шахам уран бүтээлээс бүрдсэн энэхүү үзэсгэлэнд хүрэлцэн ирж, хоёр зураачийн урлагийн ертөнцөд тухлан саатаарай. Үзэсгэлэн дөрөвдүгээр сарын 13-ныг дуустал үргэлжлэх юм байна.

Г.Даша

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж