
Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Монгол Улсын Эрүүгийн (Төрөлжсөн) хуулийн төсөл, Монгол Улсын Эрүүгийн (Төрөлжсөн) хуулийг дагаж мөрдөх журмын тухай, Хууль хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг шийдэх бол Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо хуралдаж Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай, Агаарын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд, Нийслэлийн агаарын бохирдлыг бууруулах тухай хууль баталсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийх гэж байна. Зарим байгалийн цогцолборт газрын хилийн заагт өөрчлөлт оруулах тухай УИХ-ын гишүүн Ц.Сэдванчиг нараас өргөн мэдүүлсэн тогтоолын төслийг мөн хэлэлцэхээр төлөвлөжээ.
Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаан үдээс хойш болж Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийн төслийн шинэчилсэн найруулга, Мэргэжлийн боловсрол, сургалтын тухай хуулийн зарим заалтыг хүчингүй болсонд тооцох тухай, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тухай хуулийг хүчингүй болсонд тооцох тухай хуулийн төслүүдийг ярихаар болсон байна.
Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Гадаад бодлогын үзэл баримтлал батлах тухай УИХ-ын тогтоолын анхны хэлэлцүүлгийг хийхээр төлөвлөөд байна.
Д.ОЮУН