Аймгийн онцгой комисс өдөр бүрийн 18 цагаас хуралдаж цагийн байдлыг хэлэлцэн авах арга хэмжээгээ төлөвлөн хэрэгжүүлж байгаа бөгөөд тус комиссын 18 дахь хурлаар голомтын бүсэд ажилласан шуурхай хэсгийн мэдээллийг сонсов.
Энэ сарын 14-ний өдрийн байдлаар Сүхбаатар, Эрдэнэцагаан, Асгат, Халзан, Онгон, Дарьганга сумын өвчний голомт бүхий нутагт байгаа наяад мянган малд үзлэг тандалт хийхэд таван мянга орчим мал шүлхийгээр өвчилсөн нь өмнөх өдрийнхөөс хагас мянган толгойгоор нэмэгдсэн байна. Өвчтэй малын олонх нь бог мал байгаа бол харин Дарьганга сумын нутагт дэвсгэрт гарсан нь өөр хэлбэрийнх болохыг аймгийн Мал эмнэлгийн албаныхан хэллээ. Үнэндээ малын эмч мэргэжилтэн дутагдалтай байгаагаас өвчин гарсан сумдын малыг толгой дараалан шинжиж барахгүй, өвчний шинж тэмдэг бүхий малыг тухай бүр нь устгалд оруулж хүчрэхгүй болжээ. Устгалын хэсгийнхэн 2422 толгой малыг устгалд оруулж ариутгал халдваргүйжуулалт хийсэн байна. Төвөөс ирүүлсэн ганц ДУК машин нь хамгийн олон голомттой Сүхбаатар суманд ажиллаж байна. Бусад сумдад ариутгалын машин хэрэгтэй байна.
Малын гоц халдварт шүлхий өвчинтэй тэмцэхэд аймгийн хэмжээнд 468 хүн, 109 машин мотоцикл, ариутгалын 13, хөдөлгөөнт 50 пост ажиллаж байна. Аймгийн хэмжээгээр гамшгийн өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжиж хорио цээр тогтоосонтой холбогдуулан өвчний голомт бүхий сумдад хүнсний хомсдол бий болох нөхцөл бүрдсэн учраас Баруун-Урт сумын бөөний худалдааны “Өсөх ундрах” компани гурил, будаа, цай, ургамлын тос зэрэг өргөн хэрэглээний хүнсний барааг нэгдсэн журмаар татан авч хорио цээртэй сумдад ойрын тав хоногт багтаан хямд үнээр нийлүүлэхээр болов. Мөн голомтод ажиллагсдын хөдөлмөр хамгаалалд зориулж бээлий, ажлын гутал, хувцас, ОП цув, амны хаалт зэргийг хүнсний бараатай хамт хямд үнээр нийлүүлэх арга хэмжээг давхар авч байгаа юм. Уг өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчний шинж тэмдэг илэрсэн тохиолдолд авах арга хэмжээний талаар зөвлөмж, гарын авлага боловсруулан малчид, иргэдэд хүргүүлж байна.