
Тэр тусмаа М.Энхболдын улайм цайм зүтгүүлдэг уламжлалт кандидат Г.Цогзолмаагийн хувьд ардаа байгаа улстөрчийн дайтай том шүүмжлэлийг тээж, эгээ л эзэн шигээ улайрч яваа нэгэн. Түүнийг Сүхбаатар дүүргийн Засаг дарга болсон цагаас эхлэн олон шүүмжлэл дагадаг ч ажирдаггүй анхаарахыг ч хүсдэггүй тэрбээр орчин цагийн Индра Гандигаар өөрийгөө төсөөлдөг бололтой. Зөв өнцгөөс харвал тэр үнэхээр ажил хийж чадаад байгаа юм биш л дээ. Том намын татах хүч үйлчилж байгаа цагт хэний охин хэнбугай ч ийм албыг энэ дайтай хашаад байж чадна. Энэ хурал ч яах вэ, өнөө маргаашдаа анхаарал татаж байгаад нөгөөдрөөс мартагдана. Хэрэлдэж уралдаж байгаад нэг нь ТББ-ын тамга атгаад л хоцорно биз.Харин үүний цаана хэн нь хэнтэй шадарлаж, эсрэгцэж буйг тольдож болохоор байна.
Шадарлахын тухайд Н.Энхбаяр, М.Энхболд нар харилцан ашигтай хамтран ажиллаж, хүчээ нэгтгэхээр болсон нь тодорхой боллоо. Нэгэн цагт Н.Энхбаярын хөтөлж ирсэн хүүхэн дарга суудал дээрээ 12 жил хадагдсан. Хэн ч түүнд халдаж зүрхлээгүй. Гэтэл намын дарга, Ерөнхий сайд С.Батболдын үед аюумшиггүйгээр түүнийг шүүмжилж байна. Энэ юу гэсэн үг вэ. МАХН-ын шинэ удирдлагууд ноёрхлоо тогтоож эхэлсний жижигхэн жишээ биш гэж үү. Яагаад хотын фракцийн том хүчийг үл тоон өөрсдийнхөөрөө зүтгэнэ вэ. Намын нэрийг солих асуудал дээр ч гэсэн. Намын дарга, генсек хоёр буюу С.Батболд, У.Хүрэлсүх нар онцгой нягтралтай байж асуудлыг шийдэв. Н.Энхбаяр, М.Энхболд хоёр руу асуусан харцаар харах байтугай ширвэсэн ч үгүй. Энэ байдал юу үүсгэх вэ гэхээр хэн ч биш болсон хоёрын нэгдлийг үүсгэнэ. “Цаг цагаараа байдаггүй” болохоор намын гишүүдийн олонхи нь шинэ удирдлагууд руу анхааралтай ширтэж байна. “Үхсэн буурын толгойноос амьд ат айна” гэдэг худлаа ажээ.
Цаашид юу болох вэ. Н.Энхбаяр түүнийг өөд татсан цагаас эхлэн М.Энхболд түүнд өртэй болж эхэлсэн. Тэр тусмаа Н.Энхбаяр жирийн иргэн, М.Энхболд Шадар сайд, УИХ-ын гишүүн байгаа үед өрөө төлөх ёстой юм биш үү. М.Энхболдын хувьд байдал хүнд байгаа. Юун Н.Энхбаярын өр манатай. Ерөнхий сайд С.Батболд М.Энхболдын танхимын гишүүн, дуулгавартай дүү байхаа больж, энэ цаг үеийн эзэгнэн ноёрхлоо тогтоож, нөлөөгөө тэлж байна. Байдал эсрэгээрээ эргэж, М.Энхболдоос намынхан нь ч айхгүй, АН-ынхан ч тоохгүй зарцын үүрэг гүйцэтгэж, улс төрд “сарьсан багваахай” болчихлоо. Энэ мөчид хайраа ч, халаа ч үзүүлсэн Н.Энхбаяраас зугатаад хаачих билээ. Харин ч хүчээ, хороо нэгтгэж байж ирэх сонгуулийн талаар бодох хэрэгтэй болж байна.
Түүнд гэрлийн хурдаар хамгийн том албан тушаалд очиж байсан Н.Энхбаярын үеийн замналын амттайхан дурсамж л үлджээ. Гэхдээ Н.Энхбаярыг бодвол тэр хоосонгүй байна. Тиймээс шунах хэрэгтэй. Улам улам шунаж байж амжилтад хүрдэг. Замдаа таарсан болгоныг нинжин сэтгэлгүйгээр түлхэн унагаж байж хүслээ гүйцэлдүүлдэг аргыг тэр Н.Энхбаяраас сурсан. Хэн нэгнийг албан тушаалд томилохдоо хотын фракцийн соёрхлыг авдаг байсан тэр үе алсарч байна. Үүнийг М.Энхболд хэрхэн тэвчих билээ. Тиймээс л хувь тавилан түүнийг Н.Энхбаяртай дахин учрууллаа. Хэн хэнийг нь ядарч явахад учирсан энэ тохиол, улс төрийн өс хонзон тэднийг нэгэн цул болгон нэгтгэж хүчирхэгжүүлэв. Гар гараасаа чанга атгалцан өөрөөсөө өөр хэнд ч итгэхгүй байснаар тэд босч чадна. Үгүй бол С.Батболд, У.Хүрэлсүх нарын зүү орох завсаргүй нэгдэл тэднийг дахин босч ирэхээргүй бут ниргэнэ.
Түр хүлээ. Уг нь М.Энхболдыг Ерөнхий сайдын суудалд Н.энхбаяр хүргэсэн шиг ээ бас авч хаясан. Харин өдгөө М.Энхболд, Н.Энхбаяр нар ичиж зоволгүй нэгдээд тун удахгүй гарч ирнэ. Үүнд гайхах зүйлгүй. Одоо ч тэд сэм уулзсаар байгаа. Тэднийг хэн байг гэх юм. Эрх ашиг тэднийг нэгтгэж, Н.Энхбаярын жигшин зэвүүцээд байсан Монголын улс төрийн монополийг яагаад тэд тогтоож болохгүй гэж. Өнөөдөр МАСЗХ хуралдаж, шинэ удирдлагаа сонгоно. Тэнд томчуудын гар хөл бас л оролцож, хүчээ зузаатгах тэмцэл үргэлжлэх нь тодорхой. МАХН-ын залуусын энэ байгууллага ирээдүйд ахиж дэвших шат болдог учир олны анхаарлын төвд байдаг. Залуусын байгууллагын нэрийг өөрчлөх санаа дүү нарт аль эрт байсаар ирсэн ч хэлж зүрхэлдэггүй байв. Азаар ах нар намынхаа нэрээр тогломогц уухайн тас социалист нэрээс ангижрахаар залуус хурлын өмнөх өдрүүдэд догдлол дүүрэн байна. Хурлын өмнөх мэдээллээр МАСЗХ-ны ерөнхийлөгчийн суудалд “Улаанбаатар зочид буудал ХК”-ийн захирал Б.Мөнхтүшиг, хотын фракциас Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатар нар, дэд ерөнхийлөгчид С.Батболдын зөвлөх Г.Өнөрбаяр, Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Баярмагнай, Ш.Отгонбилэг агсны хүү О.Содбилэг нарын нэр дуулдаж буй. Эндээс харахад мөн л С.Батболд, М.Энхболд нар тус тусын хүмүүсийг сойж байгаа нь харагдлаа. Ингэж нэр дэвшигчдээс илүү тэднийг зүтгүүлэгчдийн хоорондын тэмцэл анхаарал татах болов. Үнэн хэрэгтээ МАСЗХ, МАСЭХ-ны шинэ удирдлага хэн болох, нэрээ яаж өөрчлөх зэрэг өнгөн талын асуудалд толгой эргэх хэрэггүй. Энэ бол цаг зуурын үзэгдэл. Цаана чинь МАХН-ын хууччуул, монополийн төлөөх аян дайнд бэлтгэн “шүдээ хүртэл зэвсэглэж” байна. Тэднийг бүү март.
У.ОРГИЛМАА
Зохиогчийн эрх: "Улс төрийн тойм" сонин