Моуриньогийн “Реал” “Аякс”-ыг буулган авлаа

Хуучирсан мэдээ: 2010.09.16-нд нийтлэгдсэн

Моуриньогийн “Реал” “Аякс”-ыг буулган авлаа

Европын хөлбөмбөгийн ногоон талбайд өнгөрсөн шөнө Аваргуудын лигийн үлдсэн дөрвөн хэсгийн тоглолтууд болж өнгөрлөө.

Жозе Моуриньогийн “Реал Мадрид” клуб Сантьяго Бернабеу цэнгэлдэхдээ Голландын аварга “Аякс” багийг хүлээн авч, тоглон, нээлтийн тоглолтдоо 2:0 харьцаатай ялалт байгуулжээ. Ингэснээр “Онцгой нэгэн” гэгддэг Моуриньо гурван өөр клубыг удирдаж, Аваргуудын лигийн улирлын анхны тулаандаа ялалт байгуулсан анхны дасгалжуулагч болж байгаа юм. Португаль мэргэжилтэн тэрбээр өмнө нь 2004 онд Португалийн “Порто”-г Аваргуудын лигийн аваргын цомд хөтөлж байсан бол өнгөрсөн улиралд Италийн “Интер Милан”-тай хамт мөн Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээнд түрүүлсэн билээ. Түүний удирдлага дор “Интер” 1965 оноос хойш анх удаагаа Аваргуудын лигт түрүүлсэн юм. Харин өнгөрсөн зургадугаар сард тэрбээр Испанийн эзэн хааны “Реал Мадрид” клубын ерөнхий менежерийн ажилд томилогдсон билээ.

Аваргуудын лигийн шинэ улирлын анхны тулаанаа талбайдаа хийсэн “Реал” тоглолтын 31 дэх минутаас эхлэн хошуучилж эхэлсэн. “Аякс”-ын Анита өөрийнхөө хаалганд гоол оруулснаар талбайд эздэд давуу байдал бий болсон бөгөөд хоёрдугаар хагасын 73 дахь минутад Игуаин гоолдсоноор “Реал” ялалтаа бататгажээ. Тоглолтын дараа ноён Моуриньо “Бид илүү ч олон гоол оруулах боломжтой байсан. Гэхдээ эсрэг баг маань нягт, нямбай зохион байгуулалттай байлаа. Манай багийн хувьд алхам алхмаар сайжирч байгаа, цаашдаа гоолын бороо асгаруулах байх” гэжээ.

Мөн тэдний хамт Аваргуудын лигийн G хэсэгт сугалаа татсан Италийн “АС Милан” Францын “Осер” клубыг 2:0-ээр буулган авсан байна. Харин тоглолтын хоёр гоолыг Швед довтлогч Златан Ибрахимович оруулжээ.

Харин Н хэсэгт Сеск Фабрегас гайхалтай байж, “Арсенал”-ыг ялалтын замд хөтөлсөн. Аваргуудын лигт шинээр хөл тавьсан Португалийн “Брага”-г Эмират цэнгэлдэхдээ хүлээн авч, тоглосон “Их буучид” өрсөлдөгчөө 6:0-ээр бут ниргэжээ. Мөн Н хэсэгт багтсан Украйны “Шахтёр Донецк” талбайдаа “Партизан Белград”-ын хүлээн авч, тоглон, 1:0 харьцаатай хожсон байна.

Английн аварга “Челси” клуб мөн өнгөрсөн шөнө Аваргуудын лигийн эхний тоглолтоо хийж, Словакийн “Жилина” багийг талбайд нь 4:1 харьцаатай буулган авчээ. Тооны харьцааг нээж, Майкл Эссьен 12 дахь минутад гоолдсон бол Анелька эхний хагаст амжиж, хоёр гоол оруулснаар эхний 45 минут 3:0 харьцаатай өндөрлөсөн. Харин хоёрдугаар хагаст “Цэнхрүүд”-ээс Старриж гоолдсон бол талбай эзэн багаас Оравеч гоол оруулснаар тоглолт 4:1 харьцаагаар өндөрлөсөн байна. Тус хоёр багийн хамт тэмцээний F группт өрсөлдөж буй Францын “Марсель”, ОХУ-ын “Спартак Москва” нарын тоглолт өчигдөр Марсель хотноо өрнөж, талбайн зочид 1:0-ээр ялалт байгуулжээ. Тоглолтын хувь заяаг шийдсэн, багтаа ялагдал авчирсан цорын ганц гоолыг 81 дэх минутад эзэн багийн хамгаалагч Сесар Аспиликуэта өөрийнхөө хаалганд оруулсан байна.

Харин Е хэсгийн тухайд өнгөрсөн жилийн дэд аварга Германы “Баейрн Мюнхен” талбайдаа “Рома”-г 2:0-ээр хожжээ. Тоглолтын 79 дэх минутад Томас Мюллер тооны харьцааг нээсэн бол гоолоос хойш дөрвөн минутын дараа Мирослав Клозе тооны харьцааг 2:0 болгосон байна. Мөн Е хэсэгт багтсан Румыны “ЧФР Клуж”, Швейцарийн “Базель” клубыг 2:1 харьцаатай хожжээ.

Өнгөрсөн шөнө болсон тоглолтын дүн:

“E” хэсэг:

“Баейрн Мюнхен” /Герман/ – “Рома” /Итали/ 2:0
“ЧФР Клуж” /Румын/ – “Базель” /Швейцарь/ 2:1

“F” хэсэг:

“Марсель” /Франц/ – “Спартак Москва” /ОХУ/ 0:1
“Жилина” /Словак/ – “Челси” /Англи/ 1:4

“G” хэсэг:

“Реал Мадрид” /Испани/ – “Аякс” /Голланд/ 2:0
“АС Милан” /Итали/ – “Осер” /Франц/ 2:0

“H” хэсэг:

“Арсенал” /Англи/ – “Брага” /Португаль/ 6:0
“Шахтёр Донецк” /Украйн/ – “Партизан” /Серби/ 1:0

Аваргуудын лигийн 2010/11 оны улирлын хэсгийн хоёр дахь тоглолтууд энэ сарын 28, 29-ний өдрүүдэд болно.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж