
Словенийн соёлын өдөр
Яруу найрагч Франце Прешерны нас барсны ойгоор Словенид энэ өдрийг тэмдэглэн амардаг.
Прешерны анхны хөргийг түүнийг нас барснаас хойш нэг жилийн дараа зураач Франц фон Гольденштайн зуржээ. Гореньско музей, Крань хот
Яруу найрагч Франце Прешерн ээдрээтэй, зовлон зүдгүүрт амьдралыг туулан 1849 оны хоёрдугаар сарын 8-ны өдөр элэгний циррозоор нас баржээ. Прешерны шүлгийн долдугаар хэсгийн "Здравица" /орчуулбал "дугараа барих ерөөл"/-г хөгжимд оруулсан нь одоо Словенийн сүлд дуу болжээ.
Үйл явдал
Лейден хотноо Голландын анхны их сургуулийг нээв
1575 он: Лейден хотноо хандмаа нарын Хувилгаан Барбарагийн сүм байсан байранд Голландын анхны их сургуулийг нээсэн байна. Анх Батавийн академи (Батави — Нидерландын нураг дэвсгэрийн эртний ром нэр) гэж нэрлэж байсан их сургуулийг бий болгох эрхийг Оранын жонон Вильгельм (1533–1584) Испаничуудаас чөлөөлөгдөх тэмцэлд оруулсан хувь нэмрийг нь шагнан хотынхонд өгчээ. Чөлөөлөх тэмцлийг удирдсан жонон хотынхонд их сургууль байгуулах эсвэл урт хугацаанд татвараас чөлөөлөгдөх хоёрын нэгийг санал болгосон ба лейденчууд эхнийхийг нь сонгосон байлаа.
Цагдаагийн ажиллагаанд нохойг анх ашиглав
1816 он: Хүн эртнээс нохойны үнэрлэх ба сонсох мөн үнэнч байх чанарыг үнэлж ирсэн. Нохой ч хүний сайн нөхөр болжээ. XIX зууны Европ нохойг цагдаагийн албанд өргөнөөр ашиглаж ирэв.
Нохойтой цагдаа. Жижиг баримал
Вискиний хулгайн наймаа хийдэг бүлэг гэмт хэрэгтнүүдийг барих ажиллагаа Шотландын зүүн хойд хэсгийн Абердинширт болоход нохойг анх удаа ашиглав. Тусгай сургасан бультерьер нохой цагдаа Малкольм Гиллеспид ихээхэн тус болсон байв. Гэмт хэрэгтнүүд морь унан зугтсан ба нохой тэднийг хөөхөд морь үргэн унасан хүнээ унагаж байжээ. Дараа нь нохойг Герман, Англи, Франц, Орос зэрэг орнууд цагдаагийн ажиллагаанд ашиглах болсон байна. Үүний тулд Англид бульмастиф гэх догшин нохойн үүлдрийг хүртэл гаргасан байлаа. Германд ротвейлер үүлдэр их үнэлэгдэж байв. Мөн тэнд доберман нохойг бий болгосон байлаа.
Сэмюэл Морзе цахилгаан соронзон телеграфын системээ үзүүлэв
1838 он: Америкийн зураач, Зургийн үндэсний академийн ерөнхийлөгч Сэмюэл Морзе Европт ирж их мастеруудын бүтээлтэй танилцаад буцах замдаа хамт явж байсан хүнээс цахилгаан гүүдэлд соронзон нөлөөлөх мөн утсаар дамжих чанарын талаар мэдэж авсан байлаа. Тэгээд тэр цахилгаан соронзонгоор дохио дамжуулах санааг олсон байв.
Морзе цахилгаан техникийн өргөн мэдлэггүй байсан ч арван жил телеграфын аппаратыг бүтээхээр уйгагүй хөдөлмөрлөжээ. Тэрээр 1837 онд уг аппаратаараа 500 метрийн тугайлан татсан утсаар цахилгаан дамжуулсан ч уншигдаж чадаагүй байв. Тэгээд Морзе хагас жилийн дотор урт богино зураасаар дохиог дамжуулах үсгийг зохиожээ. Цэг, зураасын зохицол Морзе цагаан толгойг бүтээсэн байна.
Ингээд 1838 онд тэрээр өөрийн хоёр бүтээлээ 15 км-ийн урт шугамаар амжилттай дамжуулан үзүүлжээ.
Орос хэлэнд «вертолёт» гэсэн үг анх гарч ирэв
1929 он: Зөвлөлтийн анхны нисдэг тэрэг Каскр-1 гарч ирсэн ба түүнийг бүтээсэн онгоц зохион бүтээгч Николай Ильич Камов вертолёт гэж нэрлэсэн байлаа. Уг нисдэг тэрэгний Каскр-1 гэсэн нэр нь зохион бүтээгчдийн Камов-Скржинский нэрийн товчлол байсан юм. Дайнаас өмнө вертолёт буюу нисдэг тэргийг «геликоптер» гэсэн франц үгээр нэрлэж байжээ. Камовын анхны аппарат нь яг нисдэг тэрэг биш, дээрээ сэнстэй онгоц байсан ба “автожир” гэгдэж байлаа. .
Энэ «вертолёт» гэсэн үг нь «gyroplane» гэх франц үгийг дуурайлган бүтээсэн байв. «Верт» («эргүүлэх» гэсэн үгнээс) гэсэн эхний хэсэг нь францын «gyro-» гэсэн үгтэй адил утгатай. Мөн «вертолёт» гэсэн үгийг нисдэг тэрэг үйлдвэрлэдэг «Vertol» («Vertical Take-off and Landing aircraft» – «эгц хөөрч буух агаарын хөлөг») компанийн товчилсон нэрнээс үүсэлтэй ч гэж ярьдаг.
Анх Зөвлөлтийн төлөөлөгчид АНУ-аас Sikorsky S-58 ба Vertol V-44 нисдэг тэрэгний загваруудыг 1959 онд худалдан авсны дараа «вертолёт» гэсэн үг орос хэлэнд нэг мөр хэрэглэгдэх болсон байна.