Хакухо дараалсан 51 дэх даваагаа авлаа

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

Хакухо дараалсан 51 дэх даваагаа авлаа

Японы мэргэжлийн сумо бөхийн аки башёгийн дөрөв дэх өдрийн барилдаан өндөрлөлөө. Өнөөдөр их аварга Хакухо М.Даваажаргал зүүн жигүүрийн маэгаширагийн хоёр дахь бөх Хомашог уватэнагэ мэхээр давснаар башёгийн дөрөв дэх, дараалсан 51 дэх даваагаа авлаа. Хэрэв ёкозуна Хакухо дахин гурван өдрийн барилдаанд уналгүй давж чадвал домогт Чиёнофүжи аваргын дараалан 53 давсан амжилтыг эвдэх юм.

Өнөөдрийн барилдаанд манай бөхчүүдээс озэки Харумафүжи Д.Бямбадорж баруун жигүүрийн маэгаширагийн тэргүүн бөх Ваканосатотой барилдаж, ёрикири мэхээр давснаар гурван даваа, нэг унаатай болсон бол зүүн жигүүрийн маэгаширагийн тэргүүн эгнээнд эрэмбэлэгдсэн Токитэнкү А.Хүчитбаатар озэки Кайод ёритаоши мэхээр дийлдэж, дөрвөн унаатай болоод байна.

Макүүчи зиндаанд хүч үзэн барилдаж буй манай бусад бөхчүүдийн тухайд комүсүби Какурюү М.Ананд сэкиваки Точиозанд цүкидаши мэхээр унасан бол Моконами Г.Базарсад хариманагэ мэхээр Аминишикиг давжээ. Мөн өнөөдрийн барилдаанд хоорондоо учраа таарч барилдсан Хакуба А.Өнөржаргал, Кёкүтэнхо Н.Цэвэгням нарын барилдаанд баруун жигүүрийн маэгаширагийн гурав дахь бөх Кёкүтэнхо ёритаоши мэхээр давсан байна. Түүнчлэн Токүсэгава Б.Ганболд ёрикири мэхээр Асасэкирюү Б.Дашнямыг давж, башёгийн хоёр дахь даваагаа авчээ. Дөрөв дэх өдрийн барилдаанд мөн Коорюү Э.Мөнх-Оргил ошитаоши мэхээр Котокасугад ялагдсан бол Тамаваши Б.Мөнх-Оргил мөн ошитаоши мэхээр Тосаноумиг давсан байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж