
МАХН-ын Бага хурлын XII хуралдаан саяхан болж өндөрлөсөн. Уг хурлын үеэр тэд олон зүйл хэлэлцсэн ч түүнээс онцлох нь намынхаа нэрийг МАХН-Х=МАН болгох талаар ярилцсан. Мөн намын XXVI Их хурлынхаа товоо зарласан нь өөрийн намын залуучуудын холбоог хуралдуулахад хүргэсэн байж болох. Харин өнөөдөр тус намын дэргэдэх Монголын Ардчилсан социалист залуучуудын холбооны IV их хурал болно. Нам, намын дэргэдэх залуучуудын холбоо нь шинэ эрч хүч, эрүүл сэтгэлгээг бий болгох чин эрмэлзэл бүхий байгууллага хэмээн өөрийгөө тодорхойлдог. Хэдий харагдах байдлаасаа ингэж ойлгогдох боловч тогоон дотор нь арай өөр ашиг сонирхол үйлчилж, мэдрэгддэг нь нууц биш. Намын дэргэдэх залуучуудын холбоо нь дээд үеийнхнийхээ гараас зүүгдэж, улс төр рүү орох шат дамжлага болсон гэхэд хатуудахгүй. Тиймээс МАХН-д улс төрийн орон зай эрэлхийлсэн, карьер хөөсөн залуус хуралдах гэж байна. Их хурлаараа тэд МАСЗХ-ны үзэл баримтлал, үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалттай холбоотой асуудлыг хэлэлцэхээр төлөвлөжээ. Мөн МАСЗХ нэрээ солих тухай ч яригдах юм. МАХН Бага хурлаараа нэрээ шинэчлэх талаар ярьж эхэлснээс хойш “дүү” нар нь хүртэл дагаад нэрээрээ оролдож эхлэв. Тэд ах нарынхаа үлгэр дуурайллын дагуу “нэр сольсноор бүх зүйл шинэчлэгдэнэ” гэх үзлийг дэмжиж буй. Мөн цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхахын тулд холбооныхоо нэрийг солих нь тохиромжтой хэмээн үзэж байгаа юм. Эх орныхоо эрх ашгийн төлөө залуучууд зүтгэх цаг нь иржээ. Тиймээс нэрээ сольж үйл ажиллагаагаа дахин шинээр эхлэх үүднээс залуус ийм шийдвэрт нэгдэж байгаа аж. МАСЗХ-ны нэрийг өөрчилж, Эх оронч залуучуудын холбоо, Монголын үндэсний ардчилсан залуучуудын холбоо, Нийгмийн ардчилсан залуучуудын холбоо болгох хэд хэдэн хувилбар яригдаж буй. Харин үүнээс Монголын үндэсний ардчилсан залуучуудын холбоо, Нийгмийн ардчилсан залуучуудын холбоо хэмээх хоёр хувилбарт залуус саналаа олноор ирүүлээд байгаа аж. Бүсийн зөвлөлгөөнөөс хамгийн их санал авсан нэрээ Их хурлын төлөөлөгчдөдөө танилцуулж санал хураах байдлаар нэрээ шинэчлэх юм. Хэрэв шинэ нэр сонгож, шинэчилж чадахгүй байвал ах нарынхаа үйлдлийг харахад буруутахгүй. Учир нь МАХН-д “хувьсгалт” гэдэг үг саад болж, хуучны үзлийг сэргээж байна хэмээж байсан. Харин МАСЗХ-ныхны хувьд “социалист” гэдэг үг нь ардчилсан нийгмийн үед тэдэнд мөн саад болсон болохоор нэрээ ийнхүү өөрчлөх бодол төрсөн байж болох. Тиймээс ах нараа үлгэрлэн дуурайх нь зөв алхам ч байх юм бил үү. Ямартай ч ах дүүгийн барилдлагаар өсөн торниж буй энэ холбоо өөрийн нэрийг шинэчилж, өөрчлөх нь тодорхой юм.
МАСЗХ нь 60 мянга гаруй гишүүнтэй. Тус холбоонд гишүүд нь 35 нас хүртлээ гишүүнчлэлтэй байдаг. Харин холбооны одоогийн ерөнхийлөгч УИХ-ын гишүүн, Гадаад харилцааны сайд Г.Занданшатар МАСЗХ-ны дүрэмд заасан босгыг давсан учир халаагаа өгнө гэдгээ эртнээс мэдэгдсэн. Харин дараагийн ерөнхийлөгчөөр хэн сонгогдох нь залуусын дунд өрнөх “халуун” сэдэв болж буй. МАСЗХ-ны ерөнхийлөгчийг намынхаа даргын саналын дагуу сонгодог дотоод дүрэмтэй. Тус холбооны ерөнхийлөгч нь УИХ-ын гишүүн байх ёстой гэсэн хуульчилсан дүрмийн дагуу бол парламентын танхимаас ерөнхийлөгч тодрох магадлал өндөр. Гэхдээ насны хувьд УИХ дахь МАХН-ын залуу гишүүдээс хэн нь ч өнөөдөр 35 наснаас хол давсан байна. Харин дараагийн арга нь УИХ-ын гишүүн бус залууг томилох тухай юм. Одоогийн байдлаар хэнийг сонгох талаар хэд хэдэн хувилбар дэвшүүлж байгаа сурагтай. Үүнд нийслэлийн Засаг даргын орлогч Б.Мөнхбаатар, “Улаанбаатар зочид буудал” ХК-ийн захирал Б.Мөнхтүшиг нарын нэр яригдаж буй бололтой. Гэхдээ өнөөдрийн хурлаар гэнэтийн шийдвэр гарахыг үгүйсгэхгүй. Ярьж, ярилцаж байснаасаа огт өөр, шинэ хувилбарыг өнгөрсөн шөнө МАХН-ын удирдлагууд хэлэлцэж, тохирсон байж ч болох юм. Чухам хэн намын удирдлагуудынхаа анхаарлыг татаж, улс төрийн карьер хөөх суудалд тухлахыг удахгүй харах нь. Мөн МАСЗХ хурлынхаа үеэр дэд ерөнхийлөгчдөө солих тухай яригдаж магадгүй. Дэд ерөнхийлөгчид Ш.Отгонбилэг агсны хүү О.Содбилэг, “Өндөр буянт” ХХК-ийн захирал Төмөрхүү, Ерөнхий сайдын зөвлөх Г.Өнөрбаяр, Чингэлтэй дүүргийн Засаг даргын орлогч Баярмагнай зэрэг залуусын нэр сонсогдож байна. Дээрх залуусыг МАСЗХ-г эдийн засгийн хувьд бэхжүүлнэ, үзэл баримтлал үйл ажиллагааны цар хүрээг өргөжүүлнэ хэмээн нэлээд найдсаны үндсэн дээр “сойж” буй биз. Мэдээж МАХН-ын удирдлага өөрсдийнх нь итгэлийг даах, гар хөлийн үзүүрт зарагдчих чих зөөлөнтэй хүнийг сонгох нь тодорхой. Харин хэн байж болох вэ.
Н.ЭНХЦЭЦЭГ
Зохиогийн эрх: "Улс төрийн тойм" сонин