МАХН-ын ахмад гишүүд бүлгэм байгуулжээ

Хуучирсан мэдээ: 2010.04.07-нд нийтлэгдсэн

МАХН-ын ахмад гишүүд бүлгэм байгуулжээ

МАХН-ын удирдлагууд зүй бусаар хөрөнгөжиж байгааг эсэргүүцсэн утгатай мэдээллийг хэсэг ахмадууд хийлээ. МАХН-ын ахмад гишүүд бүлгэм байгуулсан тухай энэ үеэр мэдэгдсэн бөгөөд бүлгэмийн нэр нь “МАХН-ын үнэт зүйлийг хамгаалах бүлгэм” аж. МАХН-д элсээд 37-44 жил болж байгаа Т.Жанчивсүрэн, Ч.Баянжаргал, Д.Дүйнхэржав нарын гурван ахмад гишүүн энэхүү бүлгэмийг төлөөлөн өнөөдөр Хэвлэлийн хүрээлэнд болсон Хэвлэлийн бага хуралд оролцсон юм.
Тэд хэлэхдээ: “МАХН-ын удирдагч нарын зүгээс гаргаж байгаа ёс зүйн ноцтой доголдлыг засч залруулах нь тус намын гишүүн нэг бүрийн үүрэг байдаг. Бид дутагдлын хажуугаар дуугүй яваад байх боломжгүй болсон тул энэхүү бүлгэмийг байгууллаа. Намын эрх ашгаас ард олны эрх ашиг өндөрт байх учиртай. Иймд бид намынхаа үнэт зүйлийг эрхэмлэснээр ард олныхоо эрх ашгийг хамгаална гэж үзэж байна. Манай намын удирдлагууд дотор зүй бусаар хөрөнгөжих явдал гарч байна. Энэ нь даамжирсаар намын дунд, доод шатанд ч ажиглагдаж эхэллээ. Одоо л үүнийг засч авах хэрэгтэй байна” гэдгийг онцолж байв. Сэтгүүлчдийн тавьсан дараах асуултад мөн ийм хариулт өгч байна.
 
-Та бүхэн намын удирдлагууд зүй бусаар хөрөнгөжиж байна гэдэгт хэнийг хамаатуулж байна вэ. Намын дарга уу, эсвэл намын УЗ-ийн дарга уу, ер нь хэнийг хэлээд байна вэ?

-Энэ удаад бид хэн нэг хүний нэр хэлмээргүй байна. Маргааш хуралдах намын бага хуралд бид үг хэлэх эрхтэйгээр оролцохоор шаардлага хүргүүлсэн. Уг хурал дээр бид нэр заан хэлэх болно. Ер нь бол намын УЗ-ийг огцрохыг шаардаж байгаа.

-Намын ахмадууд гэнэтхэн  ийм мэдэгдэл хийгээд эхлэхээр ард нь хэн нэг хүн, тухайлбал, экс ерөнхийлөгч Н.Энхбаярыг ахмадуудыг  турхирч байна гэсэн хардлага гарахыг үгүйсгэхгүй?

-Бид ямар нэгэн тодорхой этгээдийн төлөөлөгч биш гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдэж байна. Бид өөрсдийн чин хүслээрээ, намын дүрэмд заасны дагуу намын гишүүнийхээ үүргийг гүйцэтгэж байгаа хэрэг гэлээ.

Д.Цээпил

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж