Аваргуудын лиг эхэллээ

Хуучирсан мэдээ: 2010.09.15-нд нийтлэгдсэн

Аваргуудын лиг эхэллээ

Европын хөлбөмбөгийн холбооны хамгийн нэр хүндтэй тэмцээн болох Аваргуудын лигийн 2010-2011 оны улирлын хэсгийн эхний тоглолтууд өнгөрсөн шөнө Европын хөлбөмбөгийн ногоон талбайд өрнөлөө.

Тэмцээний нийт найман хэсгийн эхний дөрвийнх нь буюу А, В, С, D хэсгийн тоглолтууд өнгөрсөн шөнө болсноос А хэсэгт багтсан өнгөрсөн жилийн аварга “Интер Милан” Аваргуудын лигт шинээр хөл тавьсан Голландын “Твенте”-тэй 2:2 харьцаатай тэнцэж, оноо хуваасан бол D хэсэгт “Барселона” Грекийн “Панатинаикос”-ын хаалганд таван гоол оруулж амжжээ.

Голландын Энсхеде хотноо болсон “Твенте”, “Интер” нарын тоглолтын 13 дахь минутад Уэсли Снейдер гоолын салхийг хагалсан боловч удалгүй Голландын аварга багийн тоглогч Тео Янссен чөлөөт цохилтоор тооны харьцааг тэнцүүлжээ. Тоглолтын 30 дахь минутад Диего Милито өөрийнхөө хаалганд бөмбөг оруулснаар “Твенте” 2:1 харьцаатай тоглолтыг хошуучилж эхэлсэн байна. Гэхдээ “Интер” тоглолтын эхний хагас өндөрлөхөөс өмнө амжиж, тооны харьцааг тэнцүүлсэн боловч хоёрдугаас хагаст хоёр багууд аль аль нь гоол оруулж чадахгүй байсаар тэнцээгээр өндөрлөжээ.

Мөн А хэсэгт сугалаа татсан Германы “Вердер Бремен” анх удаагаа Аваргуудын лигт хүч сорих болсон Премьер лигийн “Тоттенхэм” клубтэй тоглож, мөн 2:2 харьцаатай тэнцжээ. Германд болсон тоглолтод англичууд гараагаа сайн эхлүүлж, 2:0 харьцаатай манлайлж байсан ч “Бремен” хариуг нь барьж чадсан байна.

2006 болон 2009 оны аварга Испанийн “Барселона” клуб D хэсэгт эхний тоглолтоо Ноу кэмп цэнгэлдэхэд “Панатинаикос”-ын эсрэг хийж, өрсөлдөгчөө бут ниргэжээ. Тоглолтын эхний хагаст дэлхийн шилдэг хөлбөмбөгч Лионель Месси дубль хийж, мөн Давид Вилья гоолдсоноор өндөрлөсөн бол хоёрдугаар хагаст “Барса”-гаас Педро, Дани Альвес нар харин Грекийн багаас Гову нар гоолдсоноор тоглолт 5:1 харьцаатай Катлоны багийн ялалтаар өндөрлөсөн байна. Мөн энэ хэсэгт багтсан “Копенгаген”, “Рубин Казань” нарын тоглолт Копенгаген хотноо өрнөж, 1:0 харьцаатай талбайн эздийн ялалтаар өндөрлөжээ.

Харин С группын тухайд Аваргуудын лигийн алтан цомыг гурвантаа өргөж байсан Английн “Манчестер Юнайтед” талбайдаа Шотландын аварга “Рейнжерс”-ийг хүлээн авч, тоглон, гоолгүй тэнцсэн байна. Премьер лигийн “Эвертон”-той хийсэн тоглолтод 3:3-аар тэнцсэн “МанЮ”-гийн босс Алекс Фергусон багийнхаа бүрэлдэхүүнд олон өөрчлөлт хийсэн байсан ч өрсөлдөгч багийнхаа хамгаалалтыг сэтэлж чадсангүй.

Мөн С хэсэгт Испанийн “Валенсия” Туркийн “Бурсаспор”-ыг талбайд нь 4:0 харьцаатай буулган авчээ.

В хэсгийн тухайд Францын “Лион” клуб Германы “Шальке 04”-тэй тоглож, талбайдаа 1:0 харьцаатай ялалт байгуулсан юм. Тоглолтын цорын ганц гоолыг Мишель Бастос оруулсан байна. Мөн тэдний хамт В группт өрсөлдөж буй Португалийн “Бенфика” клуб Аваргуудын лигт шинээр хөл тавьсан Израйлийн “Хапоэль”-ийг 2:0-ээр хожсоноор хэсэгтээ тэргүүлж эхэлжээ.

Аваргуудын лиг: Эхний тойргийн тоглолтын дүн:

“А” хэсэг:

“Твенте” /Голланд/ – “Интер Милан” /Итали/ 2:2
“Вердер Бремен” /Герман/ – “Тоттенхэм Хотспур” /Англи/ 2:2

“В” хэсэг:

“Лион” /Франц/ – “Шальке 04” /Герман/ 1:0
“Бенфика” /Португаль/ – “Хапоэль Тель-Авив” /Израйль/ 2:0

“С” хэсэг:

“Манчестер Юнайтед” /Англи/ – “Рейнжерс” /Шотланд/ 0:0
“Бурсаспор” /Турк/ – “Валенсия” /Испани/ 0:4

“D” хэсэг:

“Барселона” /Испани/ – “Панатинаикос” /Грек/ 5:1
“Копенгаген” /Дани/ – “Рубин Казань” /ОХУ/ 1:0

Харин өнөөдөр шөнө Аваргуудын лигийн үлдсэн дөрвөн хэсгийн эхний тоглолтууд болно. Тодруулбал, Е хэсэгт “Баейрн Мюнхен” талбайдаа “Рома”-г хүлээн авах бол “Базель” Румыны Клуж-Напола хотноо “ЧФР”-ийн талбайд зочилно. Мөн F хэсэгт “Марсель”, “Спартак Москва”-тай, “Жилина”, “Челси”-тэй тоглох юм. Харин G хэсэгт Испанийн эзэн хааны “Реал Мадрид” талбайдаа “Аякс”-ыг хүлээн авах бол Францын “Осер” Италийн “АС Милан”-ы талбайд зочлох ажээ. Түүнчлэн Н хэсэгт “Арсенал” “Брага”-тай, “Шахтёр Донецк” “Партизан”-тай тус тус тоглох юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж