Сангийн яамны Төрийн сангийн газрын Өрийн удирдлагын хэлтсээс гаргасан мэдээгээр, Монгол Улсын Засгийн газрын нийт өрийн 94 хувийг гадаад, үлдсэн зургаан хувийг дотоод өр эзэлж байна.
Гадаад өрийн зээлдүүлэгчийг хоёр талт гэрээгээр болон олон талт гэрээгээр гэж үндсэндээ хоёр ангилдаг юм байна. Хоёр талт гэрээгээр авсан зээлийн 56 хувийг Японоос, найман хувийг БНСУ-гаас, дөрвөн хувийг БНХАУ-гаас, зургаан хувийг Кувейтээс авсан байна. Олон талт гэрээгээр авсан зээлийн 58 хувийг Азийн хөгжлийн банкнаас, 37 хувийг Дэлхийн банкнаас, нэг хувийг Олон улсын валютын сангаас олгосон байна. Өрийн багцад евро найман хувь, иен 20 хувь, бусад валют 13 хувийг эзэлж байгаа бол үлдсэн 59 хувийг зээлжих тусгай эрх эзэлж байна.
Буцалтгүй тусламж, хөнгөлттэй зээлийг дэд бүтэц, боловсрол, эрүүл мэнд гээд нийгмийн бүхий салбарт хөрөнгө оруулалт хийж байгаа. Өнгөрсөн 20 орчим жилийн хугацаанд эдгээр гадаадын зээлээс дэд бүтцийн салбарт тэрбум 118.7 сая ам.доллар зарцуулсан бол эдийн засгийн бусад салбарт 883 сая ам.доллар зарцуулжээ. Харин нийгмийн салбарт 141.8 сая ам.доллар зарцуулсан ба та дараах графикаас 1990-2009 онд аль салбарт зориулсныг хараарай.
Аливаа улсын Засгийн газрын зээл тусламж дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувьд хүрвэл аюултай гэж үздэг. Манай улсын хувьд гадаад өр 2009 оны байдлаар ДНБ-ний 29.6 хувь байгаа нь 40 хувьд хүрэхэд ойрхон байгааг харуулж байна. Гэхдээ Олон улсын валютын сан болон Дэлхийн банкнаас тогтоодог өрийн тогтвортой байдлын шалгуур үзүүлэлтүүдийн хүрээнд “эрсдэл багатай” гэсэн ангилалд багтжээ. Одоо аваад байгаа зээлийн төлөгдөх хамгийн сүүлийн хугацаа 2050 он хүртэл ба одоогийн байдлаар хүүгийн болон үндсөн зээлийн төлбөрийн төлөлт хэвийн байгаа гэж албаныхан хэлж байна. Зээлээ төлөх хамгийн оргил үе 2020 он байна гэдгийг албаныхан санууллаа. Учир нь энэ онд Монголын Засгийн газар хамгийн их зээл төлөх ажээ. Үүнээс хойш багассаар 2050 он гэхэд дуусах юм байна.
Засгийн газрын гадаад, дотоодын өр өмнө нь 99:1 гэсэн харьцаатай байсан байна. Банкны бүтцийн өөрчлөлт, төсвийн алдагдал зэргээс хамаараад Засгийн газраас их хэмжээний нэг жил хүртэл хугацаатай 7-10 хувийн хүүтэй үнэт цаас гаргаснаар дотоод өр өмнөхөөсөө нэмэгджээ. Тодруулбал, 2009 онд нэг жилийн хугацаатай 300 орчим тэрбум төгрөгийн үнэт цаас гаргасан байна. Ингэснээр Засгийн газрын гадаад, дотоод өрийн харьцаа 94:6 болжээ. Дотоодын нийт бүтээгдэхүүнтэй харьцуулахад 2.8 хувьтай тэнцэв. Энэ он гарсаар мөн Засгийн газраас богино хугацаатай үнэт цаас гаргаж байгаа. Жишээлбэл энэ сарын 17-нд мөн Засгийн газрын үнэт цаасны арилжаа Монголын Хөрөнгийн биржид болно.
Засгийн газраас төрийн албан хаагчдыг орон сууцны урт хугацаат зээлд хамруулах хөтөлбөрийг санхүүжүүлэх зорилгоор үнэт цаас гаргаж байна. Үнэт цаасны нэрлэсэн үнэ нь 10 сая төгрөг ба нийтдээ 30 тэрбум төгрөг бүхий гурван мянган ширхэгийг арилжаалах юм.
Засгийн газрын дээрх үнэт цаасны арилжаа энэ сарын 17-ны өдөр Монголын Хөрөнгийн бирж дээр болно. Үүнд 15 тэрбум төгрөгийн 365 хоногт 7.5 хувийн хүүтэй болон 546 хоногт жилийн 7.8 хувийн хүүтэй хоёр төрлийн үнэт цаас гаргана. Хүүг хугацааны эцэст үндсэн төлбөрийн хамт өгөх ажээ.
Үнэт цаасыг Монгол Улсын болон гадаадын иргэн, аж ахуйн нэгжүүд Монголын Хөрөнгийн биржид бүртгэлтэй брокер диллерийн компаниудаар дамжуулан худалдан авах боложтой.
Хөрөнгийн зах зээлд оролцохыг хүсэгчдэд сонирхуулахад, Засгийн газрын үнэт цаасны хүүгийн орлого нь татвараас чөлөөлөгддөг.
Төсвийн улирлын чанартай орлогын дутагдал болон зарим хөтөлбөр, үйл ажиллагааг санхүүжүүлэх зорилгоор Засгийн газраас 2005, 2006 онд тус бүр 80 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж байсан бол 2007 онд 150 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж байжээ.
Б.БЯМБАА