БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод Монгол туургатны хүүхдийн спортын хоёрдугаар наадам үргэлжилж байна. Энэ сарын 9-16-ны хооронд болж буй тус наадамд Монголоос гадна Буриад болон Өвөр Монголын 533 өсвөрийн тамирчин спортын зургаан төрлөөр өрсөлдөж байгаа юм.
Манай улсаас тус наадамд 120 хүний бүрэлдэхүүнтэй баг өрсөлдөж байгаагаас жүдо бөхийн төрөлд дөрвөн алт, нэг мөнгө, найман хүрэл, ширээний теннисний төрөлд эрэгтэйчүүд багаараа мөнгө, эмэгтэйчүүд багаараа хүрэл медаль хүртжээ. Түүнчлэн хөнгөн атлетикийн эрэгтэйчүүдийн өндрийн харайлтын төрөлд хүрэл, чөлөөт бөхийн төрөлд гурван алт, гурван мөнгө, хоёр хүрэл медаль хүртсэн таатай мэдээ ирлээ.
Монгол туургатны наадмын боксын төрөлд аваргууд хараахан тодроогүй байгаа ба манай улсаас нийт 12 тамирчин медалийн төлөөх тоглолтод шалгаран үлдээд байгаа юм.
С.Цэлмэг